Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Сайд Максим Орешкинтой уулзлаа

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-01 17:49:54
Москва /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 11 дүгээр сарын 30-ны өдөр Сочи хотноо эхэлсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн Газрын тэргүүн нарын Зөвлөлийн 16 дугаар хуралдаанд оролцохоор Москва хотноо түр саатах зуураа ОХУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Сайд Максим Орешкин, Байгалийн Нөөц, Экологийн Яамны Сайд Сергей Донской болон Евро-Азийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Тигран Саркисян нартай уулзлаа.
 
Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
 
Хоёр тал эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүд, Эдийн засгийн коридор хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, хоёр улсын Засгийн Газар хоорондын комисс
/ЗГХК/-ын 20 дугаар хуралдааны протоколын хэрэгжилт, ээлжит хуралдааны тов зэрэг  хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцсон юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улс Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналтай байгааг  Евро-Азийн эдийн засгийн комисст уламжилж өгнө үү хэмээн ОХУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Сайд Максим Орешкиноос хүслээ.
 
Мөн тэрбээр ОХУ-ын Байгалийн Нөөц, Экологийн Яамны Сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга Сергей Донскойд хандан хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн даргаар томилогдон хамтран ажиллах болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн комиссын ээлжит 21 дүгээр хуралдааныг бодитой үр дүнтэй угтахын төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.
Л.Нандиа
 
 
Холбоотой мэдээ