Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ дахь албан ёсны айлчлал эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-03 21:46:16
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И-гийн урилгаар Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-5-ны өдөр БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.
Тэрээр өнөөдөр 17:40 цагт Бээжин хотод хүрэлцэн ирсэн ба түүнийг дагалдаж ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид ирсэн байна.
Төлөөлөгчдийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын зөвлөх Ян Юй тэргүүтэй төлөөлөгчид угтан авав.
Айлчлалын хүрээнд хоёр орны Гадаад Харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийх юм.
Мөн Д.Цогтбаатар сайд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечы, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Жин Личюнь, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дэд дарга Ван Яжюнь нартай уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцоно.
Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ