Хоёр орны худалдаа 2020 он гэхэд 10 тэрбум доллараас давах боломж бий

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-05 18:20:39
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-5-ны өдөр БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.
Айлчлалын талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуягаас тодруулав. Тэрээр "Айлчлалын хүрээнд хоёр тал нэлээд олон асуудлаар хэлэлцэж, тохиролцлоо. Д.Цогтбаатар сайд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечы, ХКН-ын ГХГ-ын дэд дарга Ван Яжюнь болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудтай уулзаж хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэж, тохиролцоонд хүрлээ.
2017 онд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийснээ дүгнэж, ирэх 2018 онд ямар ажлууд хийх талаар ерөнхий чиглэлээ тодорхойлсон. Тухайлбал, хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлалыг  цаг алдалгүй зохион байгуулах, парламент хоорондын механизмын хоёрдугаар уулзалт, Эрдэс баялаг эрчим хүчний зөвлөлийн гуравдугаар уулзалт, Хүмүүнлэгийн уулзалтыг зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн хилийн боомтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар Ван И сайдтай нарийвчлан ярилцсан. Ван И сайдын зүгээс энэхүү асуудалд Монголын талаас санаа зовних шаардлагагүй асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Өнөөдрөөс эхлэн хил давж буй автомашины тоо 150-200-аар нэмэгдэж байгаа. Учир нь нэг гарц нь Оюутолгойн зэс гарахаар зохион байгуулаад, тэрхүү зэс ачсан машины оронд нүүрс ачсан машин гарахаар тохиролцсон. Иймээс 150-200 машинаар нэмэгдэж байна. Цаашдаа байгаль орчинд халгүйгээр, олон улсад нийцсэн стандартын дагуу нүүрс тээвэрлэх ажлыг хоёр талын ажлын хэсэг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийх айлчлалаас өмнө асуудлыг иж бүрэн цогцоор шийдвэрлэх асуудал дээр тохиролцоонд хүрсэн. Дараагийн асуудал бол манай мах махан бүтээгдэхүүнийг экспортод гаргах, түүнчлэн гуравдагч зах зээлд гаргах боломжийн талаар санал солилцлоо. Хоёр орны хоорондын бодит хамтын ажиллагааны хүрээнд Монголын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед Монголоос нүүрс, мах махан бүтээгдэхүүн, цаашлаад эрчим хүч худалдаж авах талаар яриа хэлэлцээрүүд хийсэн. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын  банкны удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлаар санал солилцсон. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг Хятадын зээлээр шийдвэрлэнэ. Манай ЭСЯ-ны зүгээс Экзим банктай холбогдож энэхүү асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх талаар анхаарал хандуулж ажиллана.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэр Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хамтарч ажиллъя гэсэн тохиролцоонд хүрсэн байдаг. Энэ хүрээнд энэхүү ажлыг идэвхжүүлэх, Хятадын Засгийн газраас олгож буй зээл тусламжийн ашиглалтыг түргэвчилье, хоёр талаас идэвхтэй хамтарч ажиллах тал дээр ярилцсан. Мөн энэ оны сүүлээр манай хоёр улсын хооронд Хүмүүнлэгийн зөвлөлийн анхдугаар уулзалтыг зохион байгуулах талаар ярилцлаа. Хүмүүнлэгийн зөвлөл гэдэг маань соёл, боловсрол болон хүмүүнлэгийн бусад чиглэлээр хоёр улсын хооронд хэрхэн хамтарч ажиллах, ирэх онд ямар ажлууд хийх вэ гэдэг ерөнхий чиглэлээ тодорхойлох юм. Ерөнхий чиглэлийн хүрээнд хоёр тал төлөвлөгөө гаргаж, хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Саяхан Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгийн шугамаар Монголын зүрхний өвчтэй 40 гаруй хүүхэд Хятадад ирж эмчилгээнд орсон. Энэ үйл ажиллагаа маш үр дүнтэй болсон. Үүнийг ч мөн үргэлжлүүлж, хамтарч ажиллах чиглэлээр яриа өрнүүлсэн. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд Монгол-Хятадын экспо-г Хөх хотоос гадна Хятадын бусад муж, хотуудад зохион байгуулах, Монголын аж ахуйн нэгжүүдийг үүнд өргөн хүрээгээр хамруулах чиглэлд хоёр тал ярилцсан. Энэ чиглэлээр тодорхой алхамууд хийнэ гэж  бид үзэж байна. Монголын жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх, бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг нь гадагшаа гаргах талаар Гадаад харилцааны сайдаас манай ЭСЯ-ны хамт олонд чиглэл өгсөн. Бид тодорхой ажлуудыг зохион байгуулаад явна. Хоёр орны Гадаад харилцааны сайд нарын яриа хэлэлцээр нэг цагийн хугацаанд болно хэмээн төлөвлөж байсан ч нийт 4 цагийн хугацаанд үргэлжилсэн уулзалт боллоо. Манай хоёр орон  2020 онд  худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Өчигдрийн уулзалтын үеэр Ван И сайд зөвхөн 10 тэрбум ам.доллараар хязгаарлах бус, өшөө илүү нэмэх боломжтой гэдгийг онцолж байсан. Тэгэхээр хилээр нэвтэрч буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх энэ асуудалд иж бүрнээр хандаж, байгаль орчинд халгүйгээр шийдвэрлэж чадах юм бол 10 тэрбумаас илүү боломж бий. Энэ чиглэлээр цаашдаа идэвхтэй хамтарч ажиллана” гэв.
 Тэрээр цааш нь хэлэхдээ “Энэ удаагийн айлчлалын хүрээнд иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр талууд санал солилцож, Хятадад ял эдэлж буй Монгол иргэдийг нутагт нь  шилжүүлэх асуудлаар цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцсон” гэдгийг хэллээ.
А.Анхбаяр

Холбоотой мэдээ