11 сард зам тээврийн ослоор гурван хүний амь эрсэджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:00:57

2015 оны 11 сар Өвөрхангай аймгийн зам тээврийн салбарт тун ч “харшилтай” байна. Энэ сард замын ноцтой дөрвөн осол гарч, гурван хүний амь нас эрсэджээ.

Тодруулбал Хайрхандулаан сумын нутагт хот хоорондын засмал зам дээр зогсож байсан Howo маркийн ачааны машины араас нүүрс ачсан Hino  маркийн ачааны авто машин мөргөсний улмаас уг машины жолооч газар дээрээ нас барсан бол Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан Истана маркийн машин Хайрхандулаан сумын нутагт Портер авто машинтай мөргөлдөж, Портерын жолооч нас барсан, Бүрд сумын Шартын даваа дээр Prius маркын жижиг тэрэг онхолдож нэг хүн нас барсан хэргүүд гарчээ.

Түүнчлэн аймгийн төвийн авто зам дээр хоорондоо мөргөлдөж, бусдын авто машинд хохирол учруулсан хэрэг дөрөв гараад байна. Дээрх хэргүүд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох болон тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг үл хангасан, хурд хэтрүүлсэн зэрэг шалгаанаас үүдэлтэй бөгөөд машин тэрэг барихдаа эдгээр асуудлуудад анхаарал, болгоомжтой хандахыг аймгийн Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас анхааруулж байгаа юм.

Зөрчил гаргасан жолоочийг бэлэн бусаар торгож эхэллээ

Зөрчил гаргасан жолоочийг замын цагдаа бэлэн мөнгөөр торгодог эсвэл тээврийн хэрэгслийг журамладаг байдлыг Өвөрхангай аймагт 11 сарын 10-аас эхэлж халлаа. Тодруулбал аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн алба хаагчид зөрчил гаргасан жолоочийг технологийн дэвшилтэт уншигч болон хэвлэгчийн тусламжтайгаар бэлэн бусаар торгох юм. Энэхүү багажийг ашигласнаар зөвхөн торгоод зогсохгүй жолоочийн эрхийн үнэмлэхтэй эсэх, ямар ангилалтай болох, тээврийн хэрэгсэл нь өөрийн нэр дээр байдаг эсэх, оношилгоонд орж татвар, даатгалаа төлсөн, үгүйг газар дээр нь шалгаж, хуулийн дагуу торгуулийн хуудсыг хүлээлгэн өгдөг болж байна. Торгуулийн хуудас авсан жолооч 15 хоногийн дотор мөнгөө тушаах ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан төлүүлнэ. Иргэд torguuli.mn сайтаас өөрийн гаргасан зөрчил, торгуульд хяналт тавьж байх боломжтой ажээ.

Зам тээврийн ослоор нас барагсдад хүндэтгэл үзүүллээ

 “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр” жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн ням гарагт болдог. Уржигдар буюу 11 сарын 15-нд тохиосон уг өдрөөр  аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас арга хэмжээ зохион байгууллаа.

Энэ онд зам тээврийн ослоор нас барсан 16 хүн байх агаад тэдний дурсгалыг хүндэтгэх, ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж, Ганданпунцоглин хийдийн лам нар лүүжин тавьж, буян номын үйл бүтээсэн байна. Мөн зам тээврийн ослоор дотны хүнээ алдсан хүмүүс бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч, Хуульзүйн хэлтсийн дарга Ц.Пунцаг, Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдорж нар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэлээ. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ