Цагдаагийн газар мэдүүлэг авах зориулалтын өрөөтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-12-07 12:04:11
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар орчин үеийн техникээр тоноглогдсон мэдүүлэг авах өрөөг ашиглалтад орууллаа.
Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын ерөнхий Прокурорын 2017 оны А/57 дугаартай тушаалын хэрэгжилтийг хангаж, стандартын дагуу дуу, дүрсний бичлэг хийх орчин үеийн техникийн шаардлагыг хангахуйц хяналтын төвлөрсөн систем бүхий мэдүүлэг авах хоёр өрөөг ашиглалтад оруулжээ.
Стандартын шаардлага хангасан өрөөтэй болсноор Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдогчид мэдүүлгээ үнэн зөв, гадны дарамт шахалтгүй мэдүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хувь хүний нууцыг бүрэн хамгаалж, хадгалах боломж бүрдэж байна.
Гэмт хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа, бие махбодь, эд хөрөнгөөрөө хохирдог тул хохирогчийн анхны тайлбар, мэдүүлэг нь хэрэг шийдвэрлэхэд чухал байдаг. Тиймээс тусгайлсан мэдүүлгийн өрөөтэй болж байгаа нь том дэвшил гэдгийг тус газрынхан хэлж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ