Тэтгэвэрт гарах хүмүүс тэтгэмжээ хүлээн ажилладгийг болиулах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 20:22:16

Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хуралдаан болж, МШУТ-ийн 70321111 утсанд ирсэн гомдол, мэдээллийг “сонслоо”.

11 сарын 9-өөс 13 хүртэлх тав хоногийн хугацаанд тус утсанд 22 иргэн хандсан бөгөөд Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг махны худалдаа, түүхий эдийн төвүүдийг нэг цэгт төвлөрүүлэх, засмал замын эвдрэл ихтэй хэсгийг засварлах зэрэг хүсэлтийг тавьж, зарим газруудад гэрэлтүүлэг асахгүй байгаагаас машины эд ангийг хулгайд алдаж байгаа, нийтийн тээвэр ахмадуудад үйлчлэхгүй байна гэх зэрэг гомдлыг тавьжээ.

Мөн урд өмнө бөөсний хэрэг мандуулсан Баян-Өндөр сумын цэцэрлэг энэ удаад хүүхдийн зодооны хэргээр дахин албан тоот авсан байна. “Хүүхдийнх нь уруул нь сэтэрсэн, нүүр нь шалбарсан, үүнийг багш, эрхлэгч нь мэдээгүй байсан. Уг цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгчид ажилдаа хайхрамжгүй, хэнэггүй ханддаг”  гэх гомдлыг хүүхдийн ар гэрээс тавьжээ. 

Түүнчлэн зарим байгууллагад тэтгэвэртээ гарах насны хүн ажиллаад байгааг иргэд буруушаасан бөгөөд төсөвт тэтгэмжийн мөнгө нь суувал тэтгэвэртээ гарна гэсэн хариултыг байгууллагуудаас өгсөн байлаа. Энэ байдалд аймгийн Засаг дарга анхааруулга өгч, ялангуяа боловсролын салбарынхан тэтгэвэртээ гарахгүй ажилласаар байгааг сануулан “2015, 2016 онд боловсролын салбарынхан тэтгэмж байтугай цалингаа өгч чадахгүйд хүрч байгаа тул хугацаа нь болсон л бол тэтгэвэрт нь гарга” гэсэн үүргийг өглөө.

Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийн талаар мэдлэг, ойлголт хомс байгаа тул хэлтэс, албадын дарга нар болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэл өгөх үүргийг Татварын хэлтсийнхэнд үүрэг болгов.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ