"Лалын улс"-ын эсрэг Иракийн дайн дуусав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БАГДАД. /Би-Би-Си/. Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийнхний эсрэг зарласан дайн нь дууссаныг Ирак улсын армийнхан өнөөдөр зарлан тунхаглалаа.
"Би-Би-Си" телевизийн мэдээлснээр, Иракийн хошууч генерал Абдул Амир Расет Иаралла өнөөдөр нийслэл Багдад хотдоо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Манай цэргүүд Ирак-Сирийн хилд бүрэн хяналтаа тогтоолоо” гэжээ. Түүний хэлснээр, тус улсын цэргүүд сүүлийн 24 цагийн хугацаанд явуулсан сүүлчийн ажиллагааныхаа дүнд 90 тосгонд хяналтаа тогтоож, 16 мянган км.кв газар нутгийг чөлөөлсөн байна.
Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади мөн өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Манай цэргүүд улс орноо босогчдоос бүрэн чөлөөллөө. Өөрөөр хэлбэл, “Лалын улс” бүлэглэлийн эсрэг зарласан дайн ингээд дуусаж байна. Иракчууд бид эв нэгдлээр дайснаа дарж чадлаа” гэжээ.
Сирийн газар нутгийг “Лалын улс” бүлэглэлийн террористуудаас бүрэн чөлөөллөө гэж Оросын арми мэдэгдсэнээс хоёр хоногийн дараа Ирак улс ийм мэдэгдэл хийлээ.
Гэхдээ ажиглагчдын хэлснээр, Ирак болон Сирид “Лалын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа дууссан гэдэг нь тус террорист бүлэглэлийг бүрэн дарж авсан гэсэн үг биш. Тус бүлэглэлийнхэн энд тэнд, энгийн номхон иргэдийн дунд шургалан орсон байх магадлалтай юм.
· 2014 оны нэгдүгээр сар: “Иракийн лалын улс ба Левант” бүлэглэлийнхэн Иракийн Фаллужа болон Рамади хотыг булаан эзэлсэн
· 2014 оны зургадугаар сар: Тус бүлэглэлийнхэн зургаан хоногийн тулалдааны дараа Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг булаан эзэлсэн
· 2014 оны зургадугаар сарын 29: “Иракийн лалын улс ба Левант” бүлэглэл нэрээ “Лалын улс” болгон өөрчилж, Абу Бакр Аль-Багдади гэгчийн удирдлага дор шинэ халифт улс байгуулснаа зарласан
· 2014 оны наймдугаар сар: “Лалын улс”-ынхан Иракийн Синжар хотыг булаан эзэлсний улмаас 200 мянган энгийн номхон иргэн, тэдний дотор Иракийн үндэстний цөөнх болох язидичууд Синжарын уул нурууд руу дүрвэсэн
· 2015 оны гуравдугаар сар: Иракийн засгийн газрын цэргүүд болон лалын шашны шийт урсгалыг шүтэгч журамт цэргүүд Тикрит хотыг босогчдоос чөлөөлсөн
· 2015 оны 12 дугаар сар: Рамади хотыг Иракийн хүчнийхэн чөлөөлсөн
· 2016 оны зургадугаар сар: Фаллужа хотыг чөлөөлсөн
· 2016 оны 10 дугаар сар: Иракийн хүчнийхэн, шийт цэргүүд, курдууд болон олон улсын хүчнийхэн Мосул хотыг бүсэлсэн
· 2017 оны долдугаар сар: Мосул хотыг чөлөөлсөн
· 2017 оны 12 дугаар сар 9: Иракийн Ерөнхий сайд “Лалын улс”-ын эсрэг дайн дууссаныг зарлав

Г.Доржханд