Иргэд, байгууллагууд хураамжаа төлдөггүйгээс хог, нохойны асуудал тасрахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 12:20:08

70321111 шууд утсаар хог болон нохойн асуудал тасрахгүй ирж байна. Тиймээс Арвайхээр сумын ТҮК-ийн дарга н.Лхам-Оролмаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өвөрхангай аймгийн төсөвт байгууллагуудын хувьд төрийн захиргааны байгууллагууд хог хураамжинд жилдээ 5 сая 399 мянган төгрөг төвлөрүүлэхээс энэ онд 1 сая 709 мянган төгрөг, сургууль цэцэрлэгүүд 12 сая 130 мянган төгрөг төвлөрүүлэхээс 1 сая 349 мянган төгрөг, өрхийн эмнэлгүүд 308 мянган төгрөг төвлөрүүлэхээс 60 мянгыг төвлөрүүлж, нийт  дүнгээр 17 сая 936 мянган төгрөг орох ёстойгоос одоогийн байдлаар 3 сая 157 мянган төгрөг төвлөрөн 14 сая 779 мянган төгрөг дутуу байгаа аж.

Аж ахуйн нэгж, байгууллагуудаас 12 сая төгрөг төвлөрөх ёстойгоос 9 сая 805 мянган төгрөг төвлөрч, айл өрхүүдийн 146 сая 703 мянган төгрөгөөс 105 сая төгрөг төвлөрсөн байна.

Нохойны татварт жилдээ 5 сая төгрөг орох ёстойгоос 985 мянган төгрөг оржээ. Ийнхүү орох ёстой мөнгө нь орохгүй байгаагаас шалтгаалан орсон орлогоороо үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын хувьд ажлын бэрхшээл, хүндрэл гарч байгаа ба хог хураамж, нохой устгалын мөнгийг төсөвт суулгаж өгөхгүй бол цаашид ийм маягаар ажиллах боломж алга гэдгийг тэрээр хэлж байв.

Мөн орон тооны анчин байхгүйгээс  нэг цэцэрлэгчтэй гэрээ хийн 40 хувийн нэмэгдэл өгч нохойг буудан устгуулдаг ба өдрийн цагаар уг ажиллагаа явагддаг, бууны сумыг Нарантуул захаас худалдаж авдаг зэрэг нь хууль эрхзүйн зөрчилтэй явагдаж байгаа. гэвч үүнээс өөр арга байхгүй гэлээ. Энэ онд нохой устгалд зориулан 29 хайрцаг сумыг 1 сая 740 мянган төгрөгөөр худалдан авч, 11 сарын 15-ыг хүртэлх хугацаанд  844 золбин нохой устгаад байна. Үүнд 1 сая 662 мянган төгрөгийн  880 литр түлш орсон бөгөөд нэг нохойг устгахад 7000 орчим төгрөгийн зардал гарч байгаа аж.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ