Мандал сумын шилдэг хүүхдүүд Солонгосын их сургуульд суралцахаар мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-18 14:33:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум, БНСУ-ын Шинхан их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Мандал сумын ЕБС-ийн шилдэг төгсөгчид тус Шинхан их сургуульд суралцахаар хүлгийн жолоо заллаа.
2016-2017 онд Мандал сумын Зүүнхараа хот, Түнхэл, Хэрх тосгоны ЕБС-ийн найман сургуулийн 12-р ангийг нийт 87 төгсөгч төгссөн бөгөөд шилдэг 17 хүүхэд өөрийн хүссэн мэргэжлээрээ ийнхүү БНСУ-д суралцахаар болж, энэ удаа 15 хүүхэд явлаа. Мандал сумын ЕБ-ийн Эко 3-р сургууль 2013 оноос БНСУ-ын Шинхан их сургуультай хамтран ажиллаж эхэлсэнээр эдүгээ хамтын ажиллагаа нь өргөжин дөрөв дэх жилдээ болж байгаа аж. Дээрх төгсөгчид 4 жилийн хугацаанд өөрийн сонирхсон мэрэгжлээр суралцан, бакалавр зэрэгтэй төгсөх бөгөөд Солонгосын талаас суралцагсдад төлбөрийн болон дотуур байрны онцгой хөнгөлөлт үзүүлэх аж. Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Мандал сумын 30 гаруй багш тус сургуульд хоёр удаа очиж туршлага судлах сургалтанд хамрагдсан байна. Шинхан их сургуулийн зүгээс Мандал сумын хүүхдүүдэд өөрийн орны соёл, зан заншлыг харуулсан сургалт явуулахаас гадна, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьдралын түвшин доогуур хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлж иржээ. 2017 оны байдлаар Мандал сумын нийт 14 өрхөд тус бүр нь 100.0 мянган төгрөгийн үнэ бүхий хоол, хүнс, хувцас бэлэглэсэн байна.
Хоёр сургуулийн хооронд эхэлсэн хамтын ажиллагаа улмаар өргөжин тэлж, сумын хэмжээнд хүрчээ. Ирэх оны эхээр хамтын ажиллагааны гэрээнд дахин албан ёсны гарын үсэг зурах үйл ажиллагаа болно хэмээн эко 3-р сургуулийн дунд ангийн ахлах менежер Ж.Мягмарсүрэн хэллээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ