ОХУ-ын Буриад Улсад туршлага солилцох уулзалтанд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-20 11:19:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт салбар хорооны бүрэлдэхүүн ОХУ-ын Буриад Улсад ажлын туршлага солилцох уулзалтанд оролцоод ирлээ.
Тэд ОХУ-ын Буриад Улсын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогч эздийн холбоодууд төрийн байгууллагатайгаа хэрхэн хамтран ажилладаг талаар харилцан туршлага солилцсон байна. Буриад улсын хувьд манайхаас ялгарах нэг онцлог нь дээрх байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулсан хуультай байдаг ажээ.
Энэхүү туршлага солилцох уулзалтанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөл, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт салбар хорооны гишүүд оролцсон байна. Сэлэнгэ аймгийн төлөөлөгчдийг ОХУ-ын Буриадын Ардын хурлын гишүүдийн төлөөлөл болон Буриад Улсын Засгийн газрын нийгмийн хөгжил хариуцсан орлогч дарга Цыбикжапов Вячеслав Балданович, нийгмийн хөгжлийн сайдын орлогч дарга Меринова Анастасия Александровна нар хүлээн авч уулзжээ. Хамтран туршлага солилцох уулзалтын хүрээнд хоёр тал хөрш зэргэлдээ улс аймгуудын хувьд эрүүл мэнд, ахмад настнууд болон залуучууд, боловсролын чиглэлээр хамтран ажиллах олон саналуудыг харилцан ярилцаж, хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөлдсөн байна. Тун удахгүй энэхүү аман хэлэлцээр ажил хэрэг болно хэмээн аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа хэллээ.
Сэлэнгийн төлөөлөгчид аймагтаа үйлдвэрлэгддэг Сэлэнгийнхээ брэнд болсон улсдаа танигдаж хүлээн зөвшөөрөгдөн, экспортонд гаргадаг зарим бүтээгдэхүүнийг сурталчлан танилцуулах үйл ажиллагааг мөн давхар хийжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ