Эдийн засаг тогтворжиж, Монгол Улс гацаанаас гарлаа

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2017-12-20 15:46:37
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Тахиа жилийн хувьд Монгол Улсын эдийн засагт  олон үйл явдал өрнөж сүүл мушгиж байна. Агшилттай эдийн засагтай золгосон 2017 оны хувьд сорилтын жил байх болно хэмээн эдийн засагчид гаргалгаа хийж байсан юм.

2017 оны эхэнд 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийхээс эхлээд жижиг өрүүд ар, араасаа хөвөрч байв. Хөгжилд хаягласан Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын дийлэнх хувийг үхмэл хөрөнгө болох замд зарцуулсан гээд төсвийн жилийн орлого зургаан их наяд төгрөгтэй тэнцэж байсан Монгол Улс өрөө хаанаас төлөх вэ гэдэгт  гарц хайж байлаа.
 
ГАЦААНД ОРСОН ЭДИЙН ЗАСГИЙГ “ОУВС”-ГИЙН ХӨТӨЛБӨР УРАГШЛУУЛАВ

Монгол Улсын хувьд гадаад өр, улсын төсөв, төлбөрийн тэнцэл, санхүүгийн системд тулгарсан эрсдлүүдийг дан ганц дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжгүй байв. Иймд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн Монгол Улсын хүсэлтийг  тус сангийн Захирлуудын зөвлөл хэлэлцэж өнгөрөгч тавдугаар сарын 24-нд шийдвэрээ гаргасан юм. Ингэснээр гурван жилийн хугацаатай улирал тутам үнэлгээ хийж, тохиргоо хийх нөхцлөөр хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Ийнхүү Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдсэн юм. Улмаар 2017-2020 онд баримтлах макро бодлогыг цогцоор нь тодорхойлж хэрэгжүүлэхээс гадна эдийн засгийн суурь тогтолцоо, институцийн өөрчлөлтүүдийг хөтөлбөрийн хүрээнд  өрнүүлэв. Үүний үр дүнд  хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг сэргээж, хамтын ажиллагаатай донор орнуудаас санхүүгийн дэмжлэг авах замаар эдийн засгаа богино хугацаанд тогтворжуулах суурийг тавилаа. Улмаар ОУВС-гаас энэ сарын 15-нд гаргасан хоёрдугаар шатны дүгнэлтээр Монгол Улс “сайн” гэсэн үнэлгээ авав. Учир нь эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувьд хүрэх төлөв байсан нь хөтөлбөр батлагдах үеийн төсөөллөөс өндөр үзүүлэлт гарахаар хүлээгдэж буйг тус сангаас тодотгож байна. Тухайлбал 2016 оны дөрөвдүгээр улиралд 1.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд 6.7 хувьд хүрч өссөн гээд эдийн засгийн хөрсөнд сайн үр соёолов. Хөрөнгийн урсгал нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжин гадаад зах зээлд гаргасан бондын хүү бодитоор буурлаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс 2016 онд 11 хувийн хүүтэй бонд гаргаж байсан бол олон улсын бондын зах зээлд энэ онд Гэрэгэ 5.625  хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай бонд гаргаж амжилтаа ахиулав. Энэхүү бондыг 2018 онд төлөх Чингис болон Димсам бондуудын эргэн төлөлтийг хийхэд зарцуулах юм. 2017 онд ийнхүү эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарсныг ОУВС-гаас  улс төрийн нөхцөл байдал тогтворгүй  байсан ч Монгол Улс хэлсэндээ хүрч ажил хэрэгч хандлаа гэдгийг онцлов. Цаашлаад 2021 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, төсвийг ашигтай гаргах бүх тохиргоонуудыг хийх замаар бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь чухал гэсэн зөвлөмжийг ОУВС өгч байна.

НҮҮРСНИЙ ҮНЭ ЭКСПОРТЫГ ТЭЛЖ, ЭДИЙН ЗАСАГТ ШИНЭ ӨНГӨ НЭМЛЭЭ

Манай улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас болж өгсөж, урууддаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл мөчлөг дагаж хувьсаж ирсэн. Тэгвэл 2017 оны хувьд нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч, монголын эдийн засаг тэр дундаа уул уурхайн салбарын өсөлтөд нэлээн жин дарав. Тодруулбал экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй бөгөөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам. доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар тэллээ. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ энэ хэвээр цааш үргэлжилбэл манай улсын хувьд таатай нөлөө үзүүлнэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэгтэй байна.

Улмаар эдийн засаг харьцангуй эерэг болсон суурь шалтгааны нэг нь БНХАУ  манай улсаас  түлхүү нүүрс худалдаж авсан явдал хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Нийт экспортын дийлэнх хувийг бүрдүүлсэн хар алт дагасан эдийн засгийн сэргэлт хэр тогтвортой байх вэ гэдэгт эдийн засагчид гаргалгаа хийж эхэллээ. 



Манай улсын хувьд хар алтны салбарын хувьд нүүрсийг хэрэглээнээс шахан гаргах дэлхий нийтийн санаачилга хүчээ авч буйг анхаарах хэрэгтэйг тэд онцолж буй юм. Улмаар Өмнөд хөрш агаарын бохирдол, хөрсний сүйрэл зэргээс шалтгаалж нүүрсний уурхайнуудаа цөөлөх болсон. Олон улсын байгууллагуудын дүгнэж байгаагаар 2016-2017 онд тохиосон нүүрсний үнийн өсөлт удаан хадгалагдахгүй байх магадлал бий аж. Тиймээс эрчим хүчний нүүрсэнд найдлага тавих хэрэггүй бөгөөд коксжих нүүрс экспортын гол бүтээгдэхүүн хэвээр байх нь. Үнийн хувьд Монголын коксжих нүүрсний ханш өссөн ч тэнцвэртэй  үнэ рүү хараахан очоогүй  гэдгийг салбарынхан дүгнэж байна. Тодруулбал бодит үнийг 70-90 ам. долларт хүргэж байж тэнцвэртэй болох аж. Тэдний үзэж буйгаар 2018 онд Хятад улсын Монголоос нүүрс оруулах хязгаар үргэлжилбэл 800 сая ам. долларын нэмүү орлого алдах дүр зураг буужээ. Тухайлбал Хятадын тал өдөрт 500-гаас илүүгүй автомашин бүхий нүүрс нэвтрүүлэх журам гаргаснаар манай улсын нүүрсний экспорт өдөрт дөрвөн сая ам.долларын орлого алдаж байна гэсэн тооцоолол бий. Харин энэ алдагдлыг Монгол Улс зэсийн олборлолтоор нөхөж болох аж. 2016 онд тонн нь 4870 ам.доллартай тэнцэж байсан  зэсийн үнэ  өдгөө 40 хувиар өслөө. Олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагуудын дүгнэлтээр зэсийн үнэ ирэх жил 7000 ам.долларт хадгалагдана гэсэн таамгийг  дэвшүүлж буй юм. Тиймээс Монгол Улс зэсийн үнийн өсөлтийг зүгээр хараад суух бус ирэх онд олборлолтоо нэмэгдүүлж экспортоо тэлэх боломжийг эрэлхийлэх нь чухал аж. Түүнчлэн манай улсын валютын нөөцийг зузаатгаж байгаа гол хэрэгсэл бол алт юм. Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх оноос 16.8 тонноор нэмэгдэж 8 хувийн өсөлт үзүүлэв. Алт тушаалт нэмэгдэх гол хөшүүргийг  “Монгол Алт” аян төдийгүй Төвбанк дэлхийн зах зээлийн ханшаар алт худалдан авах болсонтой холбон тайлбарлаж байна. Бондын санхүүжилт  болон  алт тушаалт нэмэгдсэнээр Монголбанкны гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам. доллараас давж эдийн засагт эерэг дохио өглөө.

АХБ ИРЭХ ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ 3 ХУВИАР ТӨСӨӨЛӨВ

Ирэх онд эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдээ бататгах жил болно гэсэн хүлээлт нийгэмд байна. 
Монгол Улс 2018 оны төсвийг батлахдаа 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 9.6 их наяд төгрөгийн зардал гарна гэж тооцоолсон. Төсвийн алдагдал 2.4 их наяд  төгрөгөөр хэмжигдэж буй бөгөөд энэ нь ДНБ-ийн 8 хувьтай тэнцэх аж. Засгийн газраас төсвийн орлогод учирч болзошгүй эрсдлийг тооцон, төсвийн орлогыг бодитоор төсөөлж, боломжит эх үүсвэр, орлогын бааз суурийг нэмэгдүүлэхэд  анхаарч ажилласан гэсэн мэдэгдэл хийсэн. Харин 2018 оны Төсвийн тооцооллыг гаргахдаа орлого талд илүү өөдрөг хүлээлт үүсгэсэн нь тасалдах эрсдэл үүсэх вий гэдгийг эдийн засагчид онцолж байна. Улмаар Азийн Хөгжлийн банк 2018 оны хувьд эерэг дүр зураг хүлээгдэж байгаа ч гэсэн  ОУВС-гийн хөтөлбөрийг Монгол Улс тууштай үргэлжлүүлэх, банкны салбарын хувьд зарим нэгэн шийдэх эмзэг асуудал байгааг тодотголоо. Төсвийн тухай хуулиар ирэх онд эдийн засгийн өсөлтийг 4.2 хувьтай байхаар төсөөлсөн бол АХБ эдийн засгийн өсөлтийг 3 хувьд байна гэсэн таамгийг дэвшүүлж байна. Энэ нь 2017 оны төгсгөлд гарсан суурь үзүүлэлтийн нөлөөнөөс үүдэлтэй хэмээн тэд тайлбарлав. Улмаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны эдийн засагчид Монгол Улс  дундаас урт хугацаанд эдийн засгийн оновчтой бодлогоор явах шаардлага байгааг тодотгосон. Бонд гаргах замаар гадаад өрөө төлөх хугацааг хойшлуулснаар энэ Засгийн газарт айх аюул алсарч буй ч Монгол Улс төсвийн сахилга баттай байж бүсээ чангалах нь чухал гэдгийг зөвлөж байна.
 
     2018 ОНД ТӨГРӨГ  АМ. ДОЛЛАРЫН ЭСРЭГ ЧАНГАРАХ УУ?

Улирлын шинж чанартай өсдөг ам.долларын ханшийн өсөлтийг ихэнхдээ хөөс байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр монгол төгрөг хамгийн эрчтэй унаж буй валютын тоонд орсон. Төвбанкны зүгээс энэ онд мөнгөний  бодлогын хүүгээ чангаруулснаар төгрөгийн сулрал аажимдаа буурч тогтворжив. Харин 2018 онд ам. долларын ханш ямар байх вэ? гэдэгт  зарим эдийн засагчид нүүрс, зэсийн үнийн өсөлт энэ хэвээр үргэлжилбэл валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна. Гадаад секторын эрсдэл саарч, валютын нөөц боломжийн хэмжээнд нэмэгдсэн нь өнөөгийн нөхцөлд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэх бус бага зэрэг зөөллөх нь зүйтэй гэдэгт төвлөрч  байна. Төсвийн тухай хуулинд ирэх онд ам.долларын ханшийг 2500 төгрөгтэй тэнцэх төлвийг дэвшүүлсэн. Төвбанкны зүгээс төгрөгийн ханшийг зах зээлд уян хатан тогтоох зарчмыг мөрдөхдөө валютын нөөцийг хамгаалж, гадаад секторын болзошгүй шокын эсрэг эдийн засагт зах зээлийн зарчмаар нь тохиргоо хийх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл валютын ханшид хэтэрхий их интервенц буюу зохицуулалт хийх нь гадаад валютын нөөцийг шавхагдуулах эрсдэлтэй тул удирдлагатай хөвөгч ханшийн дэглэмийн үед болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн тайлбар өгч байна.
 
     ӨНӨӨДРИЙН ӨСӨЛТ ХЭТИЙН  АМЖИЛТ БИШ !

Унаж явсан эдийн засаг 2017 онд тогтворжлоо. Гэхдээ цаашид яах вэ гэдэгт гаргалгаа хийж зөв тохиргоонууд хийх л үлдэж байна. Ядуурал, тэгш бус байдал, ирээдүйд төлөгдөх өр төлбөрүүд гээд асуудлууд ар, араасаа үргэлжилнэ. Тиймээс Монгол Улс  давуу боломжид дөрөөлөн эдийн засгаа тэлэхэд бэлтгэх нь чухал юм.

Үнийн тогтвортой байдал буюу “инфляци нам бөгөөд тогтвортой байх” нь макро эдийн засгийн олон үзүүлэлтүүд хэвийн, эрүүл байгаагийн толь гэдэг. Тэгвэл сүүлийн улиралд  нам дор байсан инфляци өсч буй учир  ирэх онд үнийн өсөлт ирж болзошгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Улмаар 2017 онд эдийн засаг өсөлттэй гарч буй ч  ядуурлын түвшин 30 хувьд хүрсэн нь нийгмийн эмзэг хэсэг рүү анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй гэдэгт дохио өглөө.

Мөн монголын эдийн засгийн бодлого улс төрийн мөчлөгөөс буюу 4 жилээр хувьсаж буйгаас гадна улирлын нөхцөл байдал, цаг уур байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс хамаарч буйг мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчнээс хамааралтай сайн, муу шийдвэр эргээд эдийн засгийн хөрсөнд буудаг учраас  үүнд анхаарах цаг иржээ. Түүнчлэн нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа ч энэ нь хэтийн  амжилт биш түр зуурын үзэгдэл гэсэн гаргалгааг хийж болохоор байна. Ирэх жилүүдэд Монгол Улс нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа бодит нөхцлөө өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлэх, 20 жил цаасан дээр хэрэгжсэн эдийн засгийн төрөлжилтийг бий болгох гээд оновчтой тохиргоонуудыг хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа. 
Б.Заяа
Холбоотой мэдээ