П.Порошенкогоос сайн дураараа огцрохыг М.Саакашвили шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-20 15:58:15
МОСКВА. /РИА Новости/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогоос сайн дураараа огцрохыг шаардсан агуулга бүхий ил захидлыг Гүржийн Ерөнхийлөгч асан, Одесс мужийн захирагчаар ажиллаж байсан Михаил Саакашвили фэйсбүүк хуудастаа тавьсан тухай  РИА Новости агентлаг мэдээлэв.

Украины тогтвортой байдлыг алдагдуулахгүй гэдгээ амлаж, тус улсын ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхийг санал болгосон утга бүхий захидлыг тэрбээр өмнө нь П.Порошенкод илгээж байсан юм. Энэ захидлыг нь Украины Төрийн тэргүүний Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Святослав Цеголко фэйсбүүк хуудастаа нийтэлж байсан билээ.

Үүнтэй холбогдуулан М.Саакашвили  нь П.Порошенкод хандсан хоёр дахь захидлаа фэйсбүүк хуудастаа нийтэлсэн байна.

Уг захидалд “Сөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрж хайхыг би танд санал болгосон. Гэтэл танд хандаж бичсэн хувийн захидлыг олон нийтэд дэлгэсэн байсан. Миний бичсэн захидалд  нууц юм байхгүй хэдий ч энэ захидлыг олон нийтэд дэлгэсэн нь намайг үл хүндэтгэж байгааг харууллаа. Та болон таныг тойрон хүрээлэгчид энэ улс орныг илүү сайн сайхан болгож чадахгүй бөгөөд сайн сайхан болгохыг хүсэх ч үгүй байгаа нь тодорхой байна. Тиймээс танаас өөрийн хүсэлтээр огцрохыг би шаардаж байна” гэжээ.

П.Порошенко сайн дураараа огцрох нь улс төрийн хямралыг давж гарах сүүлчийн боломж гэж үзэж байгаагаа М.Саакашвили онцлон тэмдэглэсэн байна.
 Э. Аянзаяа
 
 


Холбоотой мэдээ