Аймгийн ИТХ-ын МАН-ын бүлэг дангаараа хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-21 15:23:39
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааныг ИТХ дахь МАН-ын бүлэг дангаараа хийлээ. МАН-ын бүлгийн зүгээс аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатыг огцруулах саналыг оруулж, хуралд оролцогч 16 төлөөлөгч бүгд дэмжив.

“Бид ерөнхийдөө АН-ын бүлгийг завсарлага авсанаас хойш гурван хоног хүлээлээ. Аймаг орон нутгийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх, төсвийн тодотголыг хэлэлцэх зайлшгүй шаардлага байгаа учир ээлжит хуралдааныг хийхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Хэдийгээр АН-ын бүлэг хуралд ирээгүй ч ИТХ-ын дарга бол хуралдаанаа таслах эрх байхгүй. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу аль нэг талыг барилгүйгээр ажлаа хийх ёстой. Наад зах нь 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлуулж чадаагүйтэй холбоотойгоор төрийн сангаас санхүүждэг байгууллагуудад өр авлага үүсч эхлээд байна. Тиймээс хуралдааны хэлэлцэх асуудалд манай бүлгийн зүгээс ИТХ-ын даргыг огцруулах саналыг оруулж байна.”гэв.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцогч 16 төлөөлөгчийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатыг огцруулах санал дэмжигдлээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ