Б.Жонсон: Их Британи-Оросын харилцаа хэвийн байдлаар хөгжихгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-22 19:33:14
ЛОНДОН./TASS/. ОХУ-ын зүгээс Европын орнуудын тогтвортой байдлыг алдагдуулах оролдлого хийж байгаа учраас Их Британи-ОХУ-ын харилцаа хэвийн байдлаар хөгжиж чадахгүй байна гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон үзэж байгаа ажээ.

“Дэлхийд тулгамдаж буй хамгийн хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ОХУ болон Их Британийн эрх баригчид хоорондоо яриа хэлэлцээ хийх нь маш чухал. Ялангуяа олон улсын аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийх хэрэгтэй, учир нь үл ойлголцол, бие биенийгээ буруугаар ойлгохын үр дагавар нь маш ноцтой юм. Дэлхий дахинд тулгамдаж буй чухал асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах шаардлагатай болсон энэ цаг үед миний бие Орос улсад айлчилж байна” гэж Б.Жонсон хэлсэн байна.

Тулгамдсан асуудлууд гэдэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эргэн харах бодолтой байгаа Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болон Умард Солонгосын зүгээс ирж буй аюул заналхийлэл болохыг Их Британийн ГХЯ-ны мэдээлэлд дурджээ. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ