Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гамшгаас хамгаалах дадлага сургуулилтад хамрагдав

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 15:25:27

Японы хүүхдийг ивээх сан, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран “Онцгой байдлын үед хүүхэд хамгаалал” төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөлд сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдаж, хүүхдүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийн сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээг хийж сурах, үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдэх юм.

Төслийн хүрээнд Японы хүүхдийг ивээх сан, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёлын газар хамтран 11 сарын 17, 18-ны өдөр Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, 2 дугаар цэцэрлэг дээр дадлага сургуулилт хийлээ. Энэ үеэр хүүхдүүд өөрсдөө галын хороор галыг унтрааж сурсан ба галын аюул, ослын мэдлэг, ойлголттой болж, тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдад галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан тохиолдолд хүүхдүүдийг хэрхэн аюулгүй гаргах талаар мэдлэг олголоо. “Бид хүүхдүүдийг голдог ч хүүхдүүд маш их чадвартай байдаг. ЕБ-ын 1 дүгээр сургууль дээр гэхэд “Онцгойгийн охид, залуучууд” гэсэн хүүхдийн оролцооны бүлэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ нь гамшгаас хамгаалах мэдлэг,ч адамжийг тодорхой түвшинд олж авах боломжоо бүрдүүлж байна гэсэн үг” хэмээн Японы хүүхдийн ивээх сангийн төслийн зөвлөх Р.Ганболд хэлж байлаа.

Дадлага, сургуулилтын үеэр эдгээр байгууллагуудад 2 сая төгрөгийн үнэ бүхий гамшгаас хамгаалах анхан шатны техник тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ