Сая шахам төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-12 17:02:55
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд БНХАУ-д үйлдвэрлэсэн 19 нэрийн 1936 ширхэг, 965.4 мянган төгрөгийн өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүн хурааж, устгалын комисст шилжүүлжээ. Дээрх хүнсний бүтээгдэхүүн гол төлөв жижиг савлагаатай, шошгын мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн төрөл бүрийн хэлбэр дүрс, тоглоом, зурагтай  чихэр, чипс, гаа, ундаа, цэлцэгнүүр, шагшуурга, шанцай, хатаасан жимс, чавга зэрэг байжээ.
 
Тус газраас шинэ жилийн баярын өмнөхөн хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар нийт 78 зөрчил илрүүлснээс 60 буюу 79 хувьд нь арилгуулах арга хэмжээ авсан байна.

Мөн хэрэглэх хугацаа хэтэрсэн ундаа, набор, шар айраг, чихэр, хөц будаа, жүүс зэрэг 8 нэрийн 163 ширхэг, 374.4 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хуулийн дагуу татан авахуулав. Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд Дорнод аймгийн хүнсний үйлдвэр, зоогийн газруудын үйлдвэрлэсэн 20 нэрийн 35 ширхэг бүтээгдэхүүнийг хамруулахад 34 нь буюу 97.1 хувь нь шаардлага хангасан дүн гарчээ.
Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ