Дуурь ба талын нүүдэлчид

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2018-01-16 10:53:37

СЭТГЭЛД ҮЛДСЭН ЭХЛЭЛ

Уужим цэлгэр тал нутаг, уртын дуу, баялаг түүх, өвөрмөц зан заншил гээд Монгол Улс олон зүйлээрээ алдартай. Дэлхий дахинаа Монголын асар баялаг үүх түүхийг сурвалжилахын сацуу язгуур урлаг, тууль хайлах ёсон, нүүдэлчдийн аман үлгэрийг ч орхигдуулсангүй. Саяхан л гэхэд “The Guardian” сайтын сэтгүүлч Кейт Моллисон манай орноор аялаж Чингисийн одонт, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин нарын ур чадвар, авьяас, хоолойн цар хүрээг бахдан биширч “Монголчууд хэрхэн дуурийн урлагийг эзэгнэв?” нэртэй нийтлэл бичсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Мөнхүү дэлхийн мэдээллийн томоохон сайтуудын нэг “BBC News” тус нийтлэлийг эх сурвалжийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн хуудсан дээр байршуулсан нь олон орны хэдэн зуун мянган уншигчдад Монголын дуурийн урлагийн талаар цогц мэдээлэл хүргэсэн үйл явдал болов. 

1963 онд одоогийн УДБЭТ байгуулагдаж П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийжээ. Өдгөө тус театр дэлхийн болон үндэсний хэмжээний 56 балет, 54 дуурь нийлсэн 100 гаруй бүтээлийг жилийн хугацаанд үзэгчдэдээ хүргэдэг юм. Үүнээс харахад аль ч улс орны иргэдэд бид “Монголын дуурийн театр бол амьд театр” гэж бардам хэлж чадна. Өнгөрсөн онд л гэхэд Францын алдарт хөгжмийн зохиолч Ф.Херольдын “Дэггүй Лиз”, Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” зэрэг дэлхийд алдартай хошин дууриудаар уран сангаа баяжуулсан билээ.



Ер нь классицизм буюу сонгодог урлагийн үе нь бүхэлдээ тухайн улсын нийгмийн түүх, хайр дурлал, урлагийн гайхамшигийг өгүүлэх цогц ертөнц байдаг. Тиймдээ  ч Д.Нацагдоржийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Учиртай гурван толгой” дуур нь Монголынх гэдгээрээ, орос, монгол хоёр хөгжмийн зохиолчийн хамтын бүтээл учраас дорно ба өрнийн хөгжмийн сэтгэлгээний бодит жишээ болсон юм.

МОНГОЛЫН ДУУРИЙН ДУУЧИД БА ТАЛЫН НҮҮДЭЛЧИД
 
Дуурийн урлагт уран тансаг үг ярианаас илүү аялгууны хэлийг чухалчлан үздэг. Тиймээс ч хөөр баяр, гуниг харууслыг хөгжмийн эгшиг, хоолойн цар хүрээгээр илэрхийлдэг дуурийн урлаг нь хүн төрөлхтөнд заяасан үнэлж барамгүй “бэлэг” юм.



Чингисийн одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнгөрсөн оны 6-р сард Уэльсийн Кардифф хотноо “BBC Cymru Wales” телевизээс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг "Cardiff Singer of the World" буюу "Дэлхийн Дуучин" тэмцээнд оролцсон юм. Тэрээр финалын шатанд өрсөлдөх эрхийг авсан шилдэг таван дуучны нэгээр тодорсон ба "Song Prize" гэх тусгай шагналыг Шотландын сопрано хоолойтой дуучин Катриона Морисоны хамт хүртэв. Энэхүү мэдээллийн дараа Г.Ариунбаатарын гайхалтай баритон хоолойг сонссон дуурийн томоохон мэргэжилтнүүд нүдэндээ нулимстай суусан тухай мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрт тархав.

Мөн МУГЖ Э.Амартүвшин, Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XI уралдаан болон Австри улсын нийслэл Вена хотод зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучдаас дэд байр хүртсэн Э.Анхбаяр,  өнгөрсөн оны "BBC Cardiff Singer of the World" тэмцээний эцсийн шатанд шалгаран оролцсон, тенор хоолойтон Б.Батжаргал,  Литва улсын нийслэл Вильнюс хотод өнгөрсөн онд болсон алдарт дуучин Виржилюс Норейкагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын “А” зэрэглэлийн анхдугаар уралдаанд 20 гаруй улсын 1000 гаруй нэр хүндтэй дуурийн дуучдаас шалгарч, гуравдугаар байр эзэлснээр тус улсын Кальнус хотын дуурийн театрт уригдсан Ч.Бадрал зэрэг олон хүний нэрийг энд дурдаж болно.

Тэгвэл хамгийн гол асуудал нь монгол залуусын хоолойн чадал, цар хүрээг юуны учир томоохон шүүмжлэгч, удирдаачид сонсон уярч, дэлхийн томоохон театрууд урьж дуулуулах болов гэсэн асуулт урган гарна.



Тууль хайлж аялгуулан дуулдаг гайхалтай уламжлал манай оронд бий. Хэдэн өдөр шөнө үргэлжлүүлэн хайлав ч туульчийн хоолой цуцсан шинжгүй байдаг. Мөн ганцхан хүн дан хоолойгоор олон давхар эгшиг зэрэгцүүлэн дуурьсгах дуу хоолойн нэгэн онцгой урлаг хөөмийг ч орхигдуулж болохгүй. Хөөмийн эгшиг нь хүнгэсэн болон исгэрэх нарийн аялгуунаас үүсдэг. Мөн тэдгээрээс үүсэн гарах цуурай өнгөнүүд ч сонсогддог. Энэ бүхэн эртний нүүдэлчин уламжлал, байгаль орчинтой нэвт холбогддог.

МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар хоёроор жишээ татаж үзье. Тэд хоёулаа Монголын цэлгэр уужим тал нутагт морь унаж, хонь хариулж явахдаа тэнгэрийн хаяа хүртэл эгшиг уянгалуулдаг уртын дуугаа дуулж, морин дэл дээр гийнгоо хадаан өсчээ. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, доктор, судлаач П.Батхуяг “Манайд дууны урлаг маш өндөр хэмжээнд хөгжсөн байна. Төрөл зүйлийн хувьд ч гайхамшигтай. Ертөнцөд хаана ч байхгүй. Цоо шинэ нэр томьёо "морины дуучин", "хонины дуучин", "хайрын дуучин", "найрын дуучин", "нутгийн дуучин", "ардын дуучин", "ахмадын дуучин", “уртын дуучин” гээд урт жагсаалт байна” хэмээсэн юм.

Үүнээс үзэхэд Монголчуудын ёс заншилтай холбоотой, дуулаачдын бүхэл бүтэн дэг сургууль төрөл бүртээ хөгжиж ирсэн мэт санагдана. Хэдэн зуун жилийн өмнөөс бид гайхалтай дуучид байсан нь төрөл зүйлийн нэршил дээрээс тодхон харагдах бөгөөд өнөөгийн залууст үе дамжин уламжлагдсан нь тодорхой. Тиймдээ ч монгол дуучдын хоолойн цар хүрээ, аялгуулаг байдал нь байгаль орчин, өссөн ахуйтай шууд холбоотой ба тухайн дуундаа бүхий л сэтгэл зүрхээ зориулан дуулж чаддаг нь дэлхийн нийтийн үзэгдчийг уяраадаг билээ.

Өөр нэг жишээ татаж үзье. Монголын нэрт сэтгүүлч Ж.Гангаа “Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган гол. Байдаг л нутаг. Харин яагаад зөвхөн энэ голоос тийм олон аварга бөх төрөөд байсан юм бол? Нууц нь юундаа байна вэ? Тэнд бөхийн мундаг багш байгаагүй. Тохиолдол биш... Увс аймгийн Тэс сум. Яг хажууд нь Завханы Тэс, Баянтэс, Хөвс­гөлийн Тэс, Тувагийн Тэс ч гэж бий. Гэтэл зөвхөн эндээс улсын цолтой арван хэдэн бөх төрсөн. Ер нь энэ сумынхан бараг цөмөөрөө өсгө­лүүн биетэй, хүдэр чийрэг хүмүүс байдаг. Сонин биш гэж үү” хэмээн “Монголд гайхамшиг бий. Тэр нь энэ биш ш дээ” нийтлэлдээ дурдсан байдаг.

Тэгвэл дээрх бүгдээс үзэхэд монголчуудын дуу хуур ч ялгаагүй төрж өссөн нутаг устайгаа холбоотой нь зайлшгүй.



Энэ талаар Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров “Байгаль дэлхийгээсээ зориг, хүч тэнхээгээ авдаг ард түмэн талын нүүдэлчин Монголчуудаас өөр үгүй. Г.Ариунбаатартай “Монгол сонгодог” тоглолтын үеэр хамтарч ажиллахад надад нэг зүйл анзаарагдсан. Тэр дуундаа зүрх сэтгэлээ зориулж чаддаг. Энэ мөн чанарыг бид ухамсаргүйгээр тал нутгаасаа тээж, дотроо хоногшуулсан байдаг. Тиймээс ч дууг нь сонссон хүмүүс театраас нулимстай гарч байгаа юм. Монголчууд байгалийн дуу авиаг дуурайх гэж оролдохдоо түүний мөн чанарт нь нэвтэрч чаддаг байсан учраас хоолой нь тийм гайхалтай болсон хэрэг” гэлээ.

Монголын нүүдэлчин ахуй, язгуур урлаг, ёс заншил нь дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Тиймдээ ч байгалиас өгөгдсөн авьяас чадвар, урлагаар дамжуулан “баатрууд” маань дэлхийн дуурийн тайзнаа өөрсдийгөө таниулсаар байна.

СЭТГЭЛД ХҮРСЭН ТӨГСГӨЛӨӨС ЦААШ...

Сонгодог урлаг хэдийгээр Ази тивд “залуу урлаг” хэмээн тооцогддог. Гэвч чухам л Азийн орнууд, тэр дундаа Монгол, Солонгос, Япон орноос сонгодог урлагийн гайхамшгийг судлан, мэргэшиж, дэлхий дахинаа од болон гялалзаж байгаа олон уран бүтээлчид төрөн гарч байна.

“Дуурийн урлагийн жинхэнэ гайхамшгийг мэдрэхийг хүсвэл уг урлагийн төрөлх газар гэгддэг Итали улсыг зорь” гэдэг. Харин өнгөрсөн онд Монголчууд бидэнд тун ховор боломж нээгдсэн. Энэ нь Монголд анх удаа Итали улсын нэр цуутай дуурийн дуучид ба хөгжмийн удирдаачид хүрэлцэн ирж, Монгол уран бүтээлчидтэй хамтарсан томоохон тоглолт хийсэн үйл явдал байв. Итали, Монгол хоёр улсын хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон дуурийн урлагийг дэмжих зорилготой тус төслийн хүрээнд "Барокко Итали болон Eврoп" xэмээx улаан хивс бүхий гранд гала тоглолт, "Ла Чэнэрэнтoла- Үнсгэлжин" дууриудыг тавьсан юм.



Мэдээж биднийг дэлхий мэддэг, үнэлдэг болсны илрэл нь энэхүү түүхэн тоглолтуудыг эх орондоо амжилттай найруулан тавьснаас харагдаж байна.

Хүн төрөлхтний хөгжлийн хурд хэзээ ч сааршгүй бөгөөд маш хурдтайгаар урагшилж байна. Хэрвээ улс үндэстэн өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц соёлоо хадгалж удаанаар оршин тогтнохыг хүсвээс уламжлалт хэл соёл, нүүдэлчний ахуй соёл, хөгжмийн соёлоо хадгалж үлдэх нь зүйтэй юм.

МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар тэргүүтэй олон дуучид үүнийг мэддэг, дэлхийн дуурийн томоохон театруудаас аль хэдийн “онц дүн" авсан билээ. Харин урлагт төгсгөл гэж үгүй. Цааш алхах орон зай л гэж бий.
 
Тоймч: Б.Алтанхуяг
 
 
 
 
Холбоотой мэдээ