ЕБС-ийн шилдэг сагсанбөмбөгчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-18 10:55:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол үндэсний сагсан  бөмбөгийн холбоо энэ жилийн хоёр дахь өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулж байна.

Энэ удаагийн өсвөр үеийн улсын аварга
шалгаруулах тэмцээнд 2000 оноос хойш төрсөн 18 хүртэлх насны ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүд өрсөлдөж байгаа юм. Энэ тэмцээнийг Отгонтэнгэр Их сургууль ивээн тэтгэж байгаа бөгөөд тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй нэг тоглогчийг тус сургуульд бүтэн жил үнэгүй суралцах эрхийн бичгээр шагнах болзолтой.

Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 12 багийн тамирчид хурд
, хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас Дорнод, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр, Завхан, Төв, Сүхбаатар, Хэнтий, Замын-Үүд, Дархан-Уул аймгуудаас баг тамирчид ирж оролцож байна.

Тэмцээний шилдгүүд ирэх пүрэв гарагт тодрох бөгөөд тус тэмцээнд сайн тоглосон тамирчдаас сонгож Монгол
Улсын шигшээ багийг бүрдүүлэн ХБНГУ-д болох олон улсын тэмцээнд оролцуулна.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ