ОУХМ Н.Тогтохбаяр тав дараалан улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-18 15:15:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Спорт самбо, байлдааны самбо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах 2018 оны тэмцээнд Сэлэнгэ аймгийн баг тамирчид амжилттай оролцжээ. Тамирчид байлдааны самбо бөхийн төрөлд дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэн багийн дүнгээр дэд байрт шалгарч, цомын эзэд болсон байна.
Монголын самбо бөхийн холбооны анхны ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсны нэрэмжит энэхүү тэмцээн Монгол Улсад самбо бөх үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан юм. Тэмцээнд хот хөдөөгийн 32 байгууллагын 460 гаруй тамирчид хүч чадлаа сорин өрсөлдсөн байна. Ингээд тэмцээний -52 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харъяат Дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Б.Мөнхбат алт, -52 кг-ын жинд Сүхбаатар сумын харъат,  спортын мастер н.Азжаргал хүрэл, -57 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ н.Баяндүүрэн алт, -57 кг-ын жинд Сүхбаатар сумын харъяат, ОУХМ н.Батбаяр мөнгө, -62 кг-ын жинд Сүхбаатар сумын харъяат, Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Н.Тогтохбаяр алт, -80 кг-ын жинд ОУХМ  Г.Сарангоо хүрэл, -90 кг-ын жинд ОУХМ Тэмүүжин алт, -68 кг-ын жинд н.Ганбат мөнгөн медаль тус тус хүртжээ.
Мөн тэмцээний шилдэг тамирчнаар ОУХМ Н.Тогтохбаяр шалгарч, улсын аваргад тав дахь удаагаа дараалан түрүүлсэн амжилтыг үзүүлсэн байна. Энэхүү спорт самбо, байлдааны самбо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хот, Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 12-13-ны өдрүүдэд болжээ.
 
Ч.Отгонцэцэг
 
Холбоотой мэдээ