НӨАТ-ын бүртгэлийн мэдээллээ 22-ноос өмнө баталгаажуулахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Худалдан авалт бүрийнхээ НӨАТ-ын баримтаа тогтмол бүртгүүлсэн иргэдийн хувьд жилд нэг удаа нийт дүнгийнхээ тодорхой хувийг буцаан олголт хэлбэрээр авах болсон. Буцаан олголт авах иргэдийн хувьд хамгийн гол нь бүртгэлийн мэдээлэл нь алдаагүй байх ёстой аж. Харин бүртгэлийн мэдээллээ энэ сарын 22-оос өмнө баталгаажуулахгүй бол буцаан олголт авах боломжгүй болох юм байна. Иймээс аймгийн Татварын хэлтсээс иргэдэд хандаж бүртгэлийн мэдээллээ баталгаажуулахыг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид овог нэр, регистрийн дугаар, е-майл хаяг, утасны дугаар, дансны дугаараа зөв бөглөсөн байх ёстой аж. Үүнээс гадна Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр өнгөрсөн онд хувьдаа орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэл сая төгрөгөөс 10 хувийн орлогын чөлөөлөлт эдлэх эрхтэй бөгөөд материалыг ирэх сарын 10 хүртэл хүлээж авахаар болсон байна. Иймээс иргэд аймгийн Татварын хэлтсийн 203 тоот өрөөнд болон тус хэлтсийн 7045-4948 тоот утсанд хандаж орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ.
Б.Батхүү