Олон улсын жишигт нийцсэн ЭМДС-ийн үйлчилгээтэй болоход ДЭМБ хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-01-23 14:38:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн урилгаар энэ даваа гарагт манай улсад ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга, Доктор Вивиан Лин тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна. 

Тэд Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-г 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс салбар яаманд харьяалагддаг болсонтой холбогдуулан хариуцлагатай, үр ашигтай байгууллага болгох, иргэдээ санхүүгийн эрсдлээс хамгаалах, улсын төсвийн санхүүжилтийг ЭМД-аар дамжуулан санхүүжүүлэх, стратегийн худалдан авалтын тогтолцоонд шилжих зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлэх юм.

ЭМЯ-наас эхний ээлжинд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өвдсөний дараа биш өвчлөхөөс өмнө гэсэн зарчим баримталж, урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Мөн амны хөндийн эрүүл мэндийн асуудалд ч анхаарал хандуулах хэрэгтэй талаар мэдээлж байв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөлөгчид 7 хоногийн хугацаатай айлчилж байна. Энэ хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад чиглэсэн бодлого, мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын байгууллагын худалдан авах чадавхийг бэхжүүлэх нөхцөл байдалтай танилцаж, цаашид дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлж, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Өнөөдөр ЭМЯ-ны хурлын танхимд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөлөгчдийн сургалт, уулзалт эхэлсэн юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсов.

Тэрбээр, “2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДС нь ЭМЯ-ны харъяанд ирсэн. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх ЭМДЕГ бие даан үйл ажиллагаа явуулж эхлээд сар ч болоогүй байна. Бид энэ хариуцлагатай үүргийг авсан учраас уг асуудалд дэлхийн жишгээр хандах шаардлага бий болсон. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь иргэндээ хүрч очдог, үүнийг мэдэрдэг тогтолцоог бүрдүүлэхээр хичээж ажиллаж байгаа. Үүний нэг илрэл нь оны өмнө  ДЭМБ, болон олон улсын байгууллагад хандаж бидэнд дэлхий нийтийн шилдэг туршлагын талаар техникийн зөвлөгөө, тусламж үзүүлэхийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу ДЭМБ-аас олон оронд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зөв жишиг, голидролд оруулахад өөрсдийнхөө туршлагыг хуваалцсан багш сургагч 4 хүний бүрэлдэхүүнтэй баг манай оронд 7 хоног ажиллахаар ирээд байна. Өнөөдөр эхний сургалт эхэллээ. Сургалтаас үзэхэд, манай улсын хувьд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь монголын хөрсөнд суусан иргэндээ хүрсэн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Одоо бидний хувьд анхаарах зүйл гэвэл ЭМДС-гийн хуримтлалыг зөвхөн 2, 3 дахь шатлалын эмнэлгүүдэд бус хамгийн гол нь анхан шатны тусламж үйлчилгээнд чиглүүлж чадвал хүн бүрт хүрч эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэхийг сургалтаас нэлээн сайн ойлголоо. ЭМБ-иудаас иргэддээ ойрхон тусламж үйлчилгээг худалдан авах чиглэлд ЭМДЕГ голлон ажиллах ёстой. Тэр тусмаа хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах нь үр дүнгээ өгдөг байна. Төр, хувийн хэвшлүүдтэй ямар нөхцөлд хамтран түншилж ажиллах вэ гэвэл улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа тэр орчинд иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлд хамтарч ажиллах ёстой юм байна. Мөн эмчилгээ үйлчилгээний үнийн тариф дээр анхаарах ёстой. Дэлхийн жишиг болон улс орныхоо эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааны нөхцөл байдалд тулгуурласан тийм бодит үнэ тарифыг тогтоож байж, ЭМДС-гаас ард иргэддээ үзүүлэх багц эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тодруулж, бүрдүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй юм байна. Манай улстай ижил түвшний хөгжилтэй улс орны туршлагаас суралцаж ард иргэддээ ойрхон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бий болгохыг энэ сургалтаас бид олж авлаа” гэв.

Д.Өлзий
Холбоотой мэдээ