Пёнчаны Өвлийн олимпт оролцох ОХУ-ын тамирчдын өмсгөлийг танилцууллаа

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-01-23 21:56:35
Москва /МОНЦАМЭ/.  Энэ сарын 18-ны өдөр Zasport компани 2018 оны Пёнчаны Өвлийн олимпт оролцох ОХУ-ын шигшээ багийн тамирчдын өмсгөлийг танилцууллаа.
 ОХУ-ын тамирчдын өмнөх Олимпийн сэргээшийн асуудлыг үндэслэн Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/ тус улсын шигшээ багийг 2018 оны Пёнчаны Өвлийн олимпт улсынхаа нэрийн өмнөөс оролцох эрхийг хассан билээ. 
 
Түүнчлэн ирэх Өвлийн олимпийн үеэр оросын тамирчдын өмсгөл дээр ОХУ-ын төрийн далбаа, сүлдийг байрлуулахыг хориглосон. Тамирчдын өмсгөлд ОХУ-ын төрийн далбааны цагаан, цэнхэр, улаан гурван өнгийн хослолыг ашиглахыг мөн хоригложээ.  
Тэгвэл ОУОХ-ны энэхүү хоригийг үндэслэсэн тамирчдын хувцасны загварыг ОХУ-ын "Zasport" компани танилцууллаа. Тус компанийн мэдэгдснээр тамирчдын хувцсанд саарал, улаан, цагаан өнгө давамгайлах аж. Түүнчлэн ОУОХ-ны зааврын дагуу тамирчдын бэлтгэлийн хувцас, цамц, өмд мөн гадуур хувцсан дээр Olympic Athlete from Russia буюу “Оросын Олмипийн тамирчин” гэх логог байршуулжээ.
 2018 оны Өвлийн Олимпт ороцох ОХУ-ын шигшээ багийн тамирчид энэ сарын 22-оос эхлэн БНСУ-ыг зорино.
Л.Нандиа
 
 
Холбоотой мэдээ