У.Мөнгөнцацрал: Монгол малын махаа Хятадын боломжтой хүмүүст зориулан дээд зэрэглэлийн “брэнд” болгох гарц бий

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-01-26 15:43:28
Бээжин /МОНЦАМЭ/. Бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх эрхэм зорилго бүхий байгууллага бол МҮХАҮТ. Өдгөө тус байгууллага нь гадны 16 оронд 30 төлөөлөгч, 8 оронд 12 өргөмжит төлөөлөгчтэй. Энэ удаад МҮХАҮТ-ын Бээжин хот дахь суурин төлөөлөгч У.Мөнгөнцацралтай уулзаж, тус салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар асууж тодруулав.
  
-Та өөрийгөө болон төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааны талаар  уншигчдад танилцуулна уу?-БНХАУ-д Олон улсын худалдаа болон Бизнесийн удирдлагын чиглэлээр баклавр, магистрын зэрэг хамгаалсан. Бээжин дэх төлөөлөгчөөр ажиллаад жил хагасын хугацаа өнгөрч байна. Гол чиг үүрэг маань хоёр улсын бизнесийн мэдээллийг шуурхай дамжуулах, бизнесийнхийг холбох  гүүр нь болох, Монгол улсад хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, байгаа боломжууд, хууль эрх зүйн орчин зэргийг хөрөнгө оруулагчдад таниулах зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
 
-Танай салбарын хувьд хоёр орны өнөөгийн харилцаа хамтын ажиллагаа ямар байна вэ? 
Хятад улсын хувьд “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хөрш орнуудтайгаа хамтарч ажиллах сонирхол их байгаа. Миний харж байгаагаар манай улс Хятад улстай хамтарч ажиллах тал дээр учир дутагдалтай  санагддаг. Жишээлбэл, “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд хоёр орны харилцааг хөгжүүлэх асар их боломж нээлттэй байна. Хятад улс “Нэг бүс, нэг зам” санаачилгыг гадны улсад таниулах арга хэмжээг идэвхтэй хийж байна. Энэ жилээс эхлээд эхний шатны ажлыг хэрэгжүүлж эхэлнэ. Манай улсын хувьд маш их ашигтай, учир нь бид хөрш орон. Тиймээс “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын тухай мэдээлэл авч, түүндээ анализ хийж, хамтарч ажиллахыг төрийн байгууллага нь ч бизнесийн байгууллага нь ч төлөвлөж гаргах ёстой. Одоо бол Хятад улс эдийн засгийн хувьд харьцангуй чадвартай болсон. Хэдийгээр манай орныг сонирхож байгаа боловч одоогоор нэг их идэвхтэй гэж үзэхгүй байна.
 
-Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Энэ улсад амьдарч байгаа хүний хувьд хэлэхэд, энд Монгол улсын талаар авч байгаа мэдээллүүд ерөнхийдөө хар талдаа. Тийм болохоор Монгол руу бизнес, хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа хөрөнгө оруулагчид манай улсын төр засгийн тогтворгүй байдлаас их болгоомжилдог, одоог хүртэл ажигласаар л байна. Шинэ Ерөнхий сайд сайд болон Гадаад харилцааны сайд Хятадтай ямар харилцаа үүсгэх нь үү, түүний дагуу бизнес хөгжих байх гэж  харж байх жишээтэй. 
 
-Ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хятад улс өөрөө маш том зах зээл. Тийм болохоор Монголынхоо бүтээгдэхүүнийг энэ том зах зээлд нийлүүлэх нь хамгийн чухал.  Тэрхүү гарцыг гаргахын төлөө хичээж ажиллаж байна. Хятад иргэд сүүлийн үед гадны бараа бүтээгдэхүүн хэрэглэх нь их болсон. Бүтээгдэхүүн өөрөө үнэхээр чанар шаардлага хангаж л байвал борлуулалтад санаа зовох зүйлгүй гэж харж байгаа. Монголын нэг ч болтугай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлэхийг л зорилго болгон ажиллаж байна. Хятадууд манай талаар хангалттай мэдээлэл авч чаддаггүй учир Монгол руу “бизнес аялал”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Монгол улсын талаар мэддэг Хятад хүмүүс тийм ч их биш. Зөвхөн хил залгаа нутгуудаараа мэддэг байх. Хятадын төв нутаг, өмнөд нутгаар Монголын талаарх мэдээлэл бараг байдаггүй. Тэгэхээр тэдгээр хүмүүст Монголын талаар эерэг үнэн зөв мэдээлэл өгч, өөрсдөө монголын нутагт очиж үзэх боломжийг нь нээж өгөх юм бол тэд эргээд жинхэнэ хөрөнгө оруулагч болно.    
 
-Манай улс Хятад руу ямар төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох боломж өндөр байна вэ? Хятадын хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын аль салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ?
-Хятад үндэстний онцлог бол хоол, хүнсэндээ их анхаардаг. Сүүлийн жилүүдэд Хятадад гаднаас маш их хүнс орж ирдэг болсон. Ард иргэд нь эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг. Тийм болохоор хүнсний бүтээгдэхүүнд их боломж бий. Хүн ам олон учраас эргэлт ч сайтай. Ноолуур,ноолууран бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний судалгааг сайн хийгээд нийлүүлэх боломж бий. Хятадын хойд нутаг Монголтой адил сэрүүн талдаа. Бээжин, Шанхай, Гуанжөү, Тяньжинд Монголын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж чадвал маш том зах зээл, илүү  үр дүнтэй.
Хятадуудын хувьд сүүлийн үед Монголд үйлдвэр бариад, өөрийн технологио оруулж, манай  ориг эко бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж, Хятадад борлуулах сонирхол их байна. Яагаад ийм сонирхолтой байна вэ гэхээр манайхтай газар нутгийн хувьд ойрхон, манай бүтээгдэхүүнүүд эко бас хямд.
Тухайлбал цэвэр ус, эмийн ургамал, эмийн ургамлаар цай хийх ч юм уу эдгээрийг түлхүү сонирхдог.
Ер нь Монгол улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ салбар бол маш ашигтай. Хятадууд сүүлийн 10-н жилийн хугацаанд дэлхийн хамгийн их, том аялагчид болсон. Манайд улсад аялах сонирхолтой ч хангалттай явж чадахгүй байгаа. Бас сошиалаар буруу ташаа мэдээллүүд их цацаж байна. Хятадууд Монголыг эзлэх гэж байна ч гэдэг юм уу. Тэрэнд нь  итгэдэг хүмүүс байсаар байна. Хятадын иргэд манайд аялахад орлого оруулаад л ирнэ шүү дээ. Хятадууд эх орондоо хангалттай сайхан амьдарч байна. Юун гадагшаа гарч зугатах, тийм шаардлагагүй болсон гэдгийг манайхан бас ойлгох хэрэгтэй. Аялал жуулчлал хөгжүүлэхэд хоол хүнс, худалдааны салбаруудаа сайтар хөгжүүлэх шаардлагатай. Гаднаас хүмүүс аваад очдог, энэ салбарууд үнэн учир дутагдалтай, хүндрэлтэй байдаг нь нууц биш. Бас визний хөнгөлөлттэй шийдэл, нислэгийн асуудал гээд асуудал их бий. Бээжинд байдаг улс орнуудын ЭСЯ-д түр визийг 24-72 цагийн дотор гаргадаг хөнгөлөлт байдаг. Яагаад гэвэл жуулчдыг татах нэг бодлого нь. Зүүн өмнөд Азийн орнууд Хятадын жуулчдаас асар их хэмжээний мөнгө олж чадаж байна. Казакстан улс “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд асар их хөгжлөө ш дээ. Ингээд харахаар манай улс л ганцаараа үлдээд байгаа юм.     
 -Ер нь таны хувьд  ямар бодлого баримтлах ёстой гэж бодож байна вэ? 
-Жижиг дунд бизнесийг Төр засгаас нэлээд дэмжих бодлого барьдаг гэдэг.  Гэхдээ яг амжилттай хамтран ажилласан үйлдвэр байхгүй л байна. Яагаад байхгүй байна вэ гэдэг нь манай төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа 2006-2016 онд тасалдсантай ч бас холбоотой байх. Холбох гүүр байхгүй гэсэн үг. Дээр нь нэмж хэлэхэд аль аль талдаа бодит мэдээлэл дутмаг. Манайхан өөрийн бодит боломжоо харуулсан мэдээллээ хангалттай сурталчилж  чадахгүй байна. Зөв мэдээллийг зөв өнцгөөс нь өгч ажиллавал уг нь боломж их л бий дээ. Тэгээд бүхий л шатандаа хариуцлагатай ажилладаг байх хэрэгтэй. Хятадуудын хувьд түрэмгийлсэн шинжтэй ч байдаг юм уу тийм бодлого баримталдаггүй шүү дээ. Хамтран ашигтай хамт хөгжье гэдэг зарчим л барьж байна.
 
-Манай улсын зарим нэг брэнд, аж ахуйн нэгжүүд Хөх хотод салбараа нээж байгаа сонсогддог. Тэдгээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилладаг уу? Аж ахуйн нэгжээ Хятадад нээх сонирхолтой компаниудтай хэрхэн хамтарч ажиллаж, дэмжиж байна вэ?

-Сонирхолтой хүмүүс байвал надтай холбогдож болно, нээлттэй. Өөрийн боломжийн хүрээнд зөвлөгөө өгөөд, шаардлагтай хүмүүстэй нь холбож өгөх боломжтой. Би энд ирсэнээс хойш Хятадын талаар илүү ойлголттой болохоор боловсроод л явж байна. Өнгөрсөн хугацаанд харилцаа холбоо үүсгэхээр хичээж ажилласан. Одоо бол эхнээсээ харилцаа холбоо үүсээд эхэлсэн учраас Монголын аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд гарах хүсэлтэй байгаа бол бидэнтэй холбогдож болно.
 
-Хятадын талын ямар байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? 
-МҮХАҮТ маань Хятадын Олон улсын Худалдааны хороо, Бээжин хотын Худалдааны хороо зэрэг байгууллагатай хамтарч ажилладаг. Эдгээр газруудтай харилцан мэдээлэл солилцдог. 
 
-Хятад улсын зах зээлд хэрхэн амжилттай нэвтрэх вэ? Мах, нүүрсний экспортын талаар?
-Хятадад үйл ажиллагаа явуулъя гэвэл харилцаа холбоо, сүлжээгээ зөв олох хамгийн чухал. Манайхан Хятадыг зөвхөн Өвөрмонгол эсвэл өөрийн явж байсан хэдэн хотуудаар төсөөлдөг. Хятад бол асар том гүрэн. Тийм болохоор юу ч хийсэн судалгаа сайтай, зөв сүлжээгээ олоод хийвэл боломж бий гэж дахин хэлье. Манайхан Хятад улсыг аягүй сайн мэддэг юм шиг хэрнээ ерөөсөө мэддэггүй. Мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьдаг. Махны экспортын тал дээр манай мах  Хятадын эрүүл ахуйн шаардлага, вакцины шаардлагад нийцдэггүй. Хятадууд өөрийн вакциныг хэрэглэх сонирхолтой юм билээ. Мах, махан бүтээгдэхүүний хувьд Хятадуудын сонирхдог амтыг ойлгож хийх хэрэгтэй.
Манай хиам жишээлбэл их давстай, хятадууд бол давсанд дуртай биш. Тэрний оронд жаахан чихэрлэг юмуу эсвэл жаахан халуун ногоотой хийвэл илүү сонирхох жишээтэй. Хятадууд одоо Австрали стейкны махыг гэхэд л 100 доллараар авч байна. Манай мах Хятадын нийт массыг хангаж чадахгүйгээс хойш Монгол махыг Хятадын боломжтой хүмүүст зориулсан дээд зэрэглэлийн “брэнд” болгож ажиллах гарц байгаа юм.
Хятадууд Монголоос нүүрс авах хэрэгцээ их байгаа. Гэхдээ Хятадын хөгжил асар хурдтай явж байна. Түүхий нүүрс, бензин машинаас татгалзаад эхэллээ. Ерөнхийдөө 3-5 жилийн дотор хумигдана гэж ярьдаг. Тийм болохоор манайх цаг хугацаатай уралдаж, бүтээгдэхүүнийхээ хэмжээг ихэсгэх, шинэ технологи нэвтрүүлж боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тэгэхгүй бол түүхий нүүрсний зах зээл тун удахгүй хумигдана. Хөрш орныхоо хөгжилтэй хөл нийлүүлдэггүй юм аа гэхэд нэг их хоцрохгүй байх хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, зөвхөн түүхий эд биш, бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага, хэрэгцээ их байна.
 
-Танд миний асууж чадаагүй хэлье гэсэн зүйл байна уу?
-Бээжин хот 2025 он гэхэд дэлхийн хамгийн смарт хот болно гэсэн уриа дэвшүүлчихсэн. Үүний дагуу өндөр боловсролтой гадны иргэдийг Бээжин хотод ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангаж төр засаг, хотынхоо зүгээс их дэмжиж байна. Ингэхдээ өндөр цалин хангамжтай, сурч боловсрох, ар гэрийнхнийх нь сургууль, цэцэрлэг гэх мэт ажиллаж амьдрах бүхий л орчин нөхцлийг бүрдүүлж өгч байгаа. Манайхан гадагшаа гараад ажил хийе гэхээр АНУ, Япон, Солонгос явдаг. 2018 оноос эхлээд Бээжин нээлттэй болж байна. Үүнийг манай Монголын залуучууд ашиглах хэрэгтэй.
Манай аж ахуйн нэгжүүд өөрийнхөө талаарх мэдээллээ хөрөнгө оруулагчид танилцуулж чаддаггүй, судалгаа тооцоо муутай байдгаас болоод хөрөнгө оруулагч татаж чадахгүйд хүрдэг. Энд нэлээн их анхаарч хүний өмнө нүүр бардам өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж сонирхсон асуултад нь  товч тодорхой яв цав хариулт өгдөг байхыг л хүсч байна даа.  
 
А.Анхбаяр
 
 
 
Холбоотой мэдээ