Бямба гарагийн зөвлөлгөө: Суугаа ажилтай хүн бүр санахад илүүдэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batsaikhan@montsame.mn
2015-11-21 15:39:01

Суугаа ажилтай хүмүүст ихээр тааралддаг шамбарам өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар "Бямба гарагийн зөвлөлгөө" буландаа товчхон өгүүлье.

Шамбарам өвчнийг манайхан сайн мэднэ. Гэхдээ өөрсдөө эмчлэх төдий хөнгөн хялбараар бодож, амархан эмчлэх юм шиг ойлгох нь буруу. Хошногоны дотор талд үүссэн өвчлөлийг нь  дотор шамбарам, харин хошногоны эргэн тойрны арьсан доор үүсвэл гадна шамбарам гэнэ. Шамбарам өвчний үед янз бүрийн шинж тэмдэг илэрнэ. Цөөнгүй хүн шамбарамаар өвддөг ч шинж тэмдэг илрэх нь удаан байх тохиолдол бий. Зарим үед  хэдэн өдрөөр ямар ч эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй байж болдог.

Дотор талын шамбарамаар өвдвөл бие засахад өтгөн  цустай гарах ба арчсан ариун цэврийн цаас цустай болно. Хошного орчим хөндүүрлэнэ. Харин гадна шамбарамын үед хошногоны гадна хэсгийн арьсан доорхи судас овойж, хатуурна, хий дөндүүрлэнэ. Энэ өвчнөөр  эрэгтэй, эмэгтэй хэн ч  өвчилж болох  ч 50-иас дээш насныхан  өвчлөх нь элбэг. .  Мөн жирэмсний үед  өвчлөх  тохиолдол бий.

Хэрхэн оношлодог вэ?

Урьд нь энэ өвчнийг шулуун гэдэснээс цус гарах, өтгөнд  цус үзэгдэх шинж тэмдгээр оношилж байв. Гэхдээ цус их гарах нь хоол боловсруулах замын бусад өвчин, ялангуяа бүдүүн гэдэсний хавдартай холбоотой. Тиймээс шамбарамыг заавал шинжлүүлэх чухал. Сүүлийн үед бүдүүн гэдэс дурандах замаар оношлох болсон.

Хэрхэн эмчлэх вэ?

Юуны өмнө хоолны дэглэм нарийн барьж,  ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн илүү хэрэглүүштэй. Бүлээн устай ваннд өдөрт 3-аас доошгүй удаа 10-15 минутаар суувал сайн. Мөн Коагуляци буюу түлэх аргыг хэрэглэснээс өвчний дахилт багасдаг байна. Склеротерапия буюу хатаах эмчилгээ нь тусгай бодисын тусламжтайгаар шамбарамын өргөссөн судсыг хатаах замаар эмчилдэг арга юм. Тусгай цагиргыг судасны өргөссөн хэсэгт тавих,  мэс заслын аргаар шамбарамын зангилаасыг  авч эмчилдэг. Практик дээр ийм эмчилгээ үр дүнтэй багатай гэж өвчтөнүүд ярьдаг. Учир нь гам алдвал өвчин дахидгийг анхаарах хэрэгтэй.

Хамгийн гол нь зөв хооллож, өтгөн хатсан тохиолдолд хэт хүчлэн дүлэхгүй байх нь шамбарамаас урьдчилан сэргийлэх гол нөхцөл болдгийг санах хэрэгтэй гэж Улсын хоёрдугаар төв эмнэлгийн  тусгай тасгийн сувилагч Г.Хишигжав, Д.Батцэцэг на рзөвлөж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ