Урд жилүүдийнхээс олон "Улсын аварга" төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-31 17:54:04
Увс /МОНЦАМЭ/. Энэ жил Увс аймгаас зургаан малчин, гурван тариаланч Улсын аварга цол хүртлээ.  Өмнө нь манай аймгаас "Улсын сайн малчин" цолоор гурав, "Улсын тэргүүний тариаланч" цолоор нэгээс илүүгүй  хүн шагнуулж байгаагүй юм.

Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр "Монгол Улсын Сайн малчин" цолоор Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн малчин Цэдэнбалын Мягмардорж, Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Самтангийн Отгонбаяр, Наранбулаг сумын Хужирт багийн малчин Мондгойн Цэрэндорж, Завхан сумын Айраг багийн малчин Дүхэржавын Дамдинсүрэн, Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Лхамсүрэнгийн Мэндбаяр, Зүүнговь сумын Тохой багийн малчин Тавхийн Удвал нар тус тус шагнуулсан байна.
Мөн "Улсын тэргүүний тариаланч" цолоор Улаангом сумын тариаланч Чангаагийн Батсуурь, Түргэн сумын тариаланч Бямбацогтын Батхүү, Тариалан сумын тариаланч Төмөрдөөгийн Алтанхүү нар шагнуулжээ. Ийнхүү энэ жил Увс аймгаас найман хүн “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний тариаланч” цолоор шагнуулж, урд өмнөх жилүүдэд гаргаагүй өндөр амжилт үзүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас Сар шинийн өмнөхөн “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний тариаланч” нарыг шалгаруулдаг уламжлалтай. 
Энэ жил 21 аймгаас 136 малчин “Улсын аварга малчин”, 10 малчин “Улсын хошой аварга малчин”, 9 саальчин “Улсын аварга саальчин”, 5 фермер “Улсын аварга фермер”-ээр тодорчээ. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан байна. 
 
Б.Батхүү


 
Холбоотой мэдээ