Өвөлжилт хүндэрсэн сумдад 600 тн өвс үнэгүй, 500 тн тэжээл хөнгөлөлттэй үнээр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-01 22:20:08
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй "Шуурхай бүлэг" өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллалаа.
Энэ үеэр өвөлжилт хүндэрч байгаа сумдад 600 тн өвсийг үнэгүй, 500 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг дуулгаж эхний цувааны өвс, тэжээлийг гардуулан өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүдэд хэлсэн үгэндээ “Аливаа хүндрэлийг даван туулахад ЗГ, аймаг, сум, баг, иргэд хоорондоо мэдээллээ үнэн зөв, шуурхай солилцож байж эцсийн шийдвэр бодитой гарна, хэн хаана, ямар ажлаа гүйцэтгэх нь ойлгомжтой болно” гэв. Мөн бусад долоон аймагт отроор яваа малчид болон тухайн аймгийн удирдлагатай холбоотой ажиллаж, аль болох тусалж дэмжээрэй. Малчдаа эргэж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлээрэй хэмээн анхааруулж байлаа.
Өнөөдрийн байдлаар Галт, Жаргалант, Бүрэнтогтох суманд цасан бүрхүүл 5-17 см зузаантай бөгөөд хүйтний эрч чангарч байгаагаас өвөлжилт хүндэрч байна. Эдгээр сумдын 9 багийн 385 өрхөд жирэмсэн эх 16, 0-5 насны хүүхэд 130, 55 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 78210 толгой мал байгаа ажээ.
 
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ