"Монгол ноолуур" үндэсний хөтөлбөрийг баталж, улаанбуудайд урамшуулал олгохоор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-06 16:45:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Монгол ноолуур" үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Манай улс 27 сая ямаатай. Жилдээ 9400 тонн ноолуур самнаж бэлтгэдэг. Үүнийхээ 10 хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог бол 90 хувийг нь түүхийгээр нь гаргадаг байна. Хөтөлбөр батлагдсанаар хөнгөн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргээж, малчдын амьдралд ихээхэн тус нэмэр болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолжээ. Хэрэв ноолуураа боловсруулж чадвал жилдээ 19.8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолсон аж.

Мөн хуралдаанаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна.
Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр шийдвэрлэв.

Улаанбуудайн урамшуулалд зориулж өнгөрсөн оны төсөвт 14.9 тэрбум төгрөг тусгасан. 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгжийн нийлүүлсэн 128 мянган тонн хүнсний улаанбуудай урамшуулалд хамрагдах шалгуурт тэнцжээ.
Холбоотой мэдээ