Багануурын уурхайн лицензийн асуудлыг хойш тавилгүй шийдэх хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-07 11:19:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануурын уурхайд маргаантай байгаа лицензийн асуудал 2006 оноос үүдэлтэй бөгөөд лиценз бүхий талбайд тус ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрсний нөөц байгаа аж. Энэхүү стратегийн ач холбогдол бүхий ордод төрөөс анхаарал хандуулахыг уурхайн удирдлагын зүгээс Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдтай уулзах үеэр хүслээ.

1990-ээд онд буюу эрчим хүчний салбар хүнд байдалд орсон үед Дэлхийн банкнаас  авсан зээлийн 40 орчим тэрбум төгрөгийн үлдэгдлийн асуудлыг төрөөс шийдвэрлэж өгвөл “Багануур” ХК цаашид 30-40 жил тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой аж.

Багануурын уурхайн тухайд энэ жил 40 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд 399.8 сая шоо метр хөрс хуулж, 111 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Анх 1978 онд байгуулагдахдаа жилд 300 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай байсан Багануурын уурхай эдүгээ хүчин чадлаа дөрвөн сая тоннд хүргэжээ.

"Багануурын уурхай Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж байна. Уурхайн хувьд гүний усны шүүрэлтийн асуудал, хөрс хуулалтын хоцрогдол, нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбогдон хүчин чадлаа нэмэх шаардлага үүссэн" хэмээн Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун онцолсон юм.

Б.Заяа
Холбоотой мэдээ