Жүжигчин Жим Керри “Фэйсбүүк” хуудсаа устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-07 12:10:41
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байгаа учраас “Фэйсбүүк” хуудсаа устгаж байгаагаа Америкийн алдарт жүжигчин Жим Керри өчигдөр мэдэгджээ.

“Манай улсын ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцох үйл явцаас “Фэйсбүүк” ашиг орлого олсон бөгөөд өнөөг хүртэл үүнийгээ зогсоох хангалттай зүйл хийхгүй байгаа учир би “Фэйсбүүк” хуудсаа устгаж байна. Бидний ирээдүйд санаа тавьдаг бусад хөрөнгө оруулагчийг ч мөн надтай адил зүйл хийхийг уриалж байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудастаа бичжээ.  

“Фэйсбүүк”-т нийтэлсэн оросуудын нийтлэл ойролцоогоор 80000-д хүрч, түүнийг нь 126 сая америк хүн үзсэн байх магадлалтай байгааг “Фэйсбүүк” компани өмнө нь мэдээлж байсан юм. Харин энэ нь сонгуульд хэрхэн нөлөөлсөн байж болох талаар “Фэйсбүүк” компани мэдээлэл өгөөгүй байна.
 
АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, тусгай прокурор Роберт Мюллерийн баг болон Конгрессийн төлөөлөгчдийн танхим болон Сенатын тагнуулын тусгай хороо мөрдөн шалгаж байгаа юм. Д.Трамп, түүний гол туслахууд өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын албан ёсны этгээдүүдтэй хууль бус харилцаатай байгаагүй гэж нэг бус удаа мэдэгдээд байсан билээ. ОХУ-ын эрх баригчид ч мөн энэ мэдэгдлийг няцаагаад байгаа юм. 

Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ