Хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөмж хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-14 13:26:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг хүүхдийн эрхийг хамгаалах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр Нийслэлийн засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт зөвлөмж хүргүүллээ.

НИТХ дахь АН-ын бүлгийн эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар “Хотын шийдэл - Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийг өнгөрсөн сард зохион байгуулсан. Нийслэлд 476.1 мянган хүүхэд аж төрж байгаа ч тэднийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр тусгайлсан бодлого хөтөлбөр өнөөг хүртэл боловсруулаагүй байгаа юм. Нийслэлийн статистикийн газрын судалгаагаар 2017 онд 2525 хүүхэд түлэгдэж, зам тээврийн осолд 685 хүүхэд өртсөн байна. Мөн бүтэн өнчин 1573, хагас өнчин 11 мянга 512 хүүхэд байгаа аж. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр бодлого боловсруулж ажиллахыг зөвлөсөн байна. Тус зөвлөмжинд утсаар бага насны хүүхдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгох, сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамуулан хүүхдийн эрхийг сурталчлах ажлыг зохион байгуулах зэргийг тусгажээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ