Салат, зуушийг тасалгааний хэмд хоёр цагаас илүү байлгахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-02-15 09:19:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын үеэр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжинд согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байх, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдийн хамар, хоолой, залгиурыг сода, царвангийн уусмалаар зайлах зэргийг тусгасан байна.

Сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг нэг бичил биетэн 20 минут тутамд 2 болж хуваагддаг байна. Ингэж тооцвол нэг нян 4 цагт 4096 ширхэг, 8 цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржих юм. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд 2 цагаас илүү  хугацаанд байлгахаас зайлсхийхийг зөвлөв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ