СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2018-02-16 20:41:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яамны удирдлагууд, мэргэжилтнүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа эсэхтэй газар дээр нь очиж танилцжээ.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагааны байдалтай тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Амаржаргал, мэргэжилтэн Э.Баярмаа, н.Мөнхмандах нар очиж танилцав.
СХД-ийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, их эмч Оюунцэцэг, Зина нар жижүүрийн үүрэг гүйцэтгэж, 9 сувилагч, 6 асрагч тусламж үйлчилгээ үзүүлж байна.
171 ортой тус эмнэлэгт Шинийн нэгэн буюу 2 дугаар сарын 16-ны байдлаар 96 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлэгт хүнд хүүхэд 2 байгаагийн 1 нь хатгаатай, амьсгалын дутагдалтай, 1 нь цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй, амьсгалын дутагдалтай байна.
15 цагийн байдлаар Яаралтай тусламжийн тасагт 2 том хүн, 8 хүүхэд ирж үзүүлснээс уушигны хатгаатай 2 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж, 6 хүүхдэд зөвлөгөө өгч  гэрт нь буцаажээ.
Ирж үйлчлүүлсэн хүүхдүүдийн ихэнхи нь амьсгалын замын шуугиантай, гуурсан хоолойн бөглөрөлтэй, бөөлжсөн, суулгасан зовиуртайгаар ирж байна.
Тус эмнэлэгт хандсан насанд хүрэгчдэд шаардлагатай эмчилгээ хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үйл ажиллагаа хэвийн ачаалал багатай байгаа аж.
Н.Туяа


Холбоотой мэдээ