Говь-Алтайн есөн гайхамшиг- Монгол элсний байгалийн цогцолбор газар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 09:15:10

Говь-Алтай аймагт байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв бөгөөд Цаст богд Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул,  үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь,  мазаалай, хавтгай, тахийн  өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутгууд олон бий.

Тус аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буур бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундад шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн байгалийн үзэсгэлэнт газар, нэн ховор амьтан, хүний гараар бүтээсэн гайхамшиг, музейн хосгүй үзмэрүүдийг “Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг”-аар баталсан юм. Эдгээр 9 гайхамшигийг танилцуулж байна. 

 Монгол элсний байгалийн цогцолбор газар /Эрээн, Ажиг, Сангийн далай, Дөргөн, Гүн нуурууд/ 


Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монгол элсний орчмын нийт 349200 га газар нутгийг УИХ-ын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангилалаар авсан.  Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун, баруун хойноос зүүн, зүүн урагш чиглэн 300 шахам км үргэлжлэн тогтсон элсэн хуримтлал юм. Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг элсэн хуримтлалд ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн,  Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал  эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар , цагаан суль нь хур бороо, ган гачгаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн шүтдэг билээ.

Эргэн тойрон өндөр өндөр элсэн манхнуудаар хүрээлэгдэн элсэн дунд үүссэн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт нууруудын ойролцоо  Завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар бургас, хус мод ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг нь байгалийн сонин содон гайхамшгуудын нэг юм.

Ш.Цоодол

Холбоотой мэдээ