Сумдын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-23 14:51:12
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн 19 сумын Засаг дарга нар энэ өдрүүдэд Улаангомд ажиллаж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнүүлж, энэ жилийн зорилго зорилтоо аймгийн удирдлагуудад танилцуулан үр дүнгийн гэрээ байгуулж байна.
Үр дүнгийн гэрээнд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхойлж тусгасан байна.
Жилийн эцэст гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээний хэрэгжилтийн гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлт бүрээр тооцсоны үндсэн дээр сумдын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх юм. Өнгөрсөн жилийн ажлаараа Бөхмөрөн сум аймагтаа тэргүүлсэн бөгөөд удаах байрыг Завхан, Өмнөговь сум эзэлжээ. Энэ үеэр дээрх сумдын Засаг дарга нарт батламжийг нь гардуулж баяр хүргэлээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ