Иргэдэд ургийн бичиг хөтлөх сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 16:51:08

Монгол Улсын Засгийн газраас 2007 онд Монгол улс даяар ургийн бичиг хөтлөх журмыг батлан гаргасан. Энэ хүрээнд аймгийн Төв номын сангаас Арвайхээр сумын 11 багийн иргэдэд Ургийн бичиг хөтлөх талаар мэдлэг олгох сургалтыг 14 хоногийн турш зохион байгууллаа.

Сургалтад 100 гаруй иргэд хамрагдсан бөгөөд өөрийн үр удмыг дээшээ 9, доошоо 9 үеэр нь мэдэж, тэмдэглэж үлдээхийн ач тусыг мэдэж, ургын бичгийг хэрхэн хөтлөх талаар мэдлэг, ойлголт авлаа. Ургийнхаа бичгийг хөтөлж сурснаар өвөг нэгтэй холын ах дүүсийн хооронд төрөл ойртсон гэрлэлт үүсэх, удам угсаандаа ямар нэгэн удамшлын өвчин эмгэгтэй үр удам төрөх нөхцөл бүрдэхээс сэргийлэх нэн ач холбогдолтой гэдгийг Номын сангийн эрхлэгч Л.Анхбаяр хэлж байв.

Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж, Монгол цусны цэвэр гениэ авч үлдэх боломжтой гэдгийг тэрээр онцолж байлаа. Монголчууд нэгэн үе ургийн бичгийн талаар таг мартсан байсан бол эдүгээ сэргэж, хүн бүр өвөг, дээдэс, үр удмаа мэдэж байх сонирхолтой болсон гэнэ. Түүний нэг жишээ бол ургийн баяр юм.

Номын сангаас зохион байгуулж буй ургийн бичиг хөтлөх сургалтад сонирхсон иргэд хамрагдаж болохыг зохион байгуулагчид хэлж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ