Хятад улс ОХУ-аас 115 сая тонн газрын тос импортлоод байна

ХИЛИЙН ЧАНАДААС
173@montsame.mn
2018-03-13 11:03:21
БЭЭЖИН./МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятад улс ОХУ-аас хоёр орныг холбосон түүхий нефть дамжуулах хоолойгоор 2 сая тонн газрын тос импортолсон тухай өчигдөр Хятадын Хар мөрөн мужийн Хилийн хорио цээрийн газраас мэдээлэв.
Энэхүү дамжуулах хоолой ашиглалтанд орсноос хойших хугацаанд Хятад улс тус хоолойгоор нийтдээ 114 сая 950 мянган тонн түүхий газрын тос импортлоод байна.
ОХУ бол БНХАУ-ын хувьд түүхий газрын тос нийлүүлэгч гол орон бөгөөд олон жилийн туршид газрын тосыг төмөр замаар тээвэрлэж байв. Энэ нь эрсдэл ихтэй, тээврийн зардал өндөртэй байжээ.
Хоёр улсыг холбосон 1000 орчим км урт түүхий газрын тос дамжуулах хоолой 2011 онд ашиглалтанд орсноор Хятад-Оросын хооронд хоолойгоор түүхий газрын тос нийлүүлж эхэлсэн түүхтэй. Уг хоолой нь ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг дахь түүхий газрын тос дамжуулах хоолойн “Сковородино” өртөөнөөс эхлэн Хятад-Оросын хилийн дагуу Хятадын Хар мөрөн муж болон ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрээр дамжсаар Хар мөрөн мужийн Дачин хотод хүрдэг.
Хар мөрөн мужийн Хилийн хорио цээрийн газрын ажилтан Ли Гуожунь хэлэхдээ “сүүлийн жилүүдэд манай улс Зүүн Хойд нутгийнхаа хэд хэдэн томоохон газрын тосны ордод их хэмжээний олборлолт хийсний дараа газрын тос олборлох өртөг мэдэгдэхүйц нэмэгдэн, газрын тосны гарц, олборлолт жилээс жилд буурсан. Энэ оны 1 дүгээр сард Хятад-Оросын түүхий газрын тос дамжуулах хоолойн хоёр дахь шугам ашиглалтанд орсон нь ОХУ-аас худалдан авах газрын тосны хэмжээг тасралтгүй өсгөж, тухайн бүс нутгийн газрын тосны хэрэгцээний дутмаг байдлыг халж, Зүүн Хойд нутгийн газрын тос боловсруулах 20 гаруй үйлдвэрийн хэрэгцээг үр дүнтэйгээр хангаж байна” гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “ингэснээр Хятад улсын эрчим хүчний аюулгүй байдал нэг шатаар илүү баталгаажиж байна. Манай улсын эрчим хүч импортлох дөрвөн том сувгийн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ эхэлсэн. Бид одоогийн байдлаар нийтдээ 114 сая 950 мянган тонн түүхий газрын тос импортлон аваад байна” хэмээн онцоллоо.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ