Өлгий хотын эргэн тойрныг архины шилээс цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-19 16:41:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн байгаль орчны салбарын байгууллагууд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын "Эко клуб"-уудтай хамтран Өлгий хотын эргэн тойрныг цэвэрлэж, 20500 гаруй архины шил цуглуулжээ.

Дээрх цуглуулсан шилийг аймгийн Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайд хүлэмж барихад ашиглах ажээ. 

Энэ талаар Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеуханаас тодруулахад: "Байгаль орчныг ихээр бохирдуулж байгаа зүйл бол архи, ундааны шил, гялгар уут юм. Нэг шил байгальд устаж үгүй болохын тулд 4000 жил зарцуулагдана. Тийм учраас бид "Шил" хэмээх арга хэмжээг санаачлан зохион байгуулж, эко клубын гишүүн 500 гаруй сурагчийн тусламжаар Өлгий хотын доторх болон захад ил задгай байгаа архины шилийг цуглуулсан. Мөн архины үйлдвэрүүдэд шилийг буцааж татаж авах, эсвэл түүнийг устгахад шаардагдах зардлыг гаргах шаардлага хүргүүлэхээр болоод байна. Уг шаардлагад одоогоор мянгаад хүн гарын үсэг зурсан" хэмээлээ.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ