Ирэх долоо хоногт зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-22 18:28:53
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Ирэх долоо хоног буюу 3 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулна.
Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана хэмээсний дагуу аймгийн Онцгой байдлын газраас бэлтгэл ханган ажиллаж байгаа юм.
Тухайн товлосон цагт иргэд срена дохиогоор нэгдсэн зохион байгуулалтанд орж,  дадлага сургуулийг хийх бөгөөд гэртээ байгаа тохиолдолд цонх, шил, дээрээс нурах аюултай орчноос холдох, гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга байгууламжаас холдон биеэ хамгаалж түр суух аж.
Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал болохыг Онцгой байдлын газраас сануулж, нийт иргэдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
  Б.Батчимэг
Холбоотой мэдээ