Малчин бүсгүй үйлдвэрлэгч болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-22 22:35:32
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баянхутаг сумын гуравдугаар баг буюу Цантын хоолой багийн малчин Загдаагийн Болормаа гэх энэ эмэгтэй малчны их хөдөлмөрийн хажуугаар өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бүтээлч нэгэн юм.

Малаас гардаг  түүхий эд, сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж, сум орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг олон жил хангаж яваа тэрбээр сүүлийн жилүүдэд хонины ноос, сарлагийн хөөврөөр ноосон эдлэлийн үйлдвэрийг эрхлэх болжээ.

З.Болормаагийн хувьд өмнө нь  “Гоёо” ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байсан туршлагаа өрхийн хэмжээнд хэрэгжүүлж, дээл, малгай, ороолт, өмд, цамц зэрэг ноосон эдлэлийг нэхэж, сумандаа борлуулж байна. Энэхүү үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр Сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл авч, сүлжмэл оёдлын машин, ноосон материалын угаалгын машин,  уурын индүү зэргийг худалдан авсан байна.

Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулж, хоногт гурван бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Үйлдвэрлэгч өрхийн маань сарын дундаж орлого нь 700-800 мянган төгрөг байдаг аж.  
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ