ИЗНН улс төрийн намуудыг татан буулгах санал асуулга явуулна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний Зориг, Ногоон Намаас /ИЗНН/ улс төрийн намууд, тэр дундаа МАН, АН-ыг татан буулгах шаардлагатай гэж үзэж, Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргахаа мэдэгдэн, мэдээлэл хийлээ.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар "Монголын нийт газар нутгийн 30 гаруй хувийг лиценз хэлбэрээр олгож, наймаалаад байна. Үүнд өнгөрсөн 28 жилийн хугацаанд төр барьж байсан МАН, АН буруутай. Хуулиар энэ хоёр нам татан буугдах үндэслэлтэй болоод байна. Тиймээс МАН, АН хоёрыг татан буулгах хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргана. Бусад намууд ч хариуцлага хүлээх ёстой. Намууд ашиг сонирхол, эрх мэдэл дээр нэгдэж байгаа нь татан буулгах гол үндэслэл болж байгаа" хэмээв. Тодруулбал тус намаас ард иргэд иргэний нийгмийн байгууллага болон улс төрийн намуудад бүх намуудыг татан буулгаж улс төрийн дахин хувиарлалт хийхийг уриалж байгаа аж. Мөн Ерөнхийлөгчийг улс төрийн бүх намуудыг татан буулгаж Монгол Улсын ард иргэдийг улс төрийн намын боолчлолоос чөлөөлөх хуулийг санаачлан УИХ-д өргөн барихийг шаардаж буйгаа мэдэгдэв. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал ИЗНН хамгийн эхэнд татан буугдана гээд, Монгол Улсын их хурал улс төрийн бүх намуудыг татан буулгах хуулийн төслийг хэлэлцэн батлахыг шаардаж байна гэлээ. Үүнээс гадна ИЗНН ирэх дөрөвдүгээр сарын 2-5-ны хооронд Д.Сүхбаатарын талбай дээр санал асуулга явуулж, 5-ны өдрөө улс төрийн жагсаал хийхээр төлөвлөсөн аж.
ИЗНН-аас гаргасан мэдэгдэл, "Монгол Улс нь ёс суртахуун, улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий хямралд орсон гэж үзэн үүний гол бурууг улс төрийн намууд хүлээх ёстой гарааны тэгш бус нөхцөлөөс эхэлсэн улс төрийн намууд төлөвшиж чадаагүй байгаагаас эрх баригч цөөнхийн хармааны хүчин болж хувирсан тэр дундаа Монгол Улсыг 28 жилийн турш дангаар болон хамтран удирдсан МАН, АН-д энэ хариуцлага илүү ногдоно гэж үзлээ... Иймд Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.2-т заасны дагуу “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задпан бутаргах..." хэв шинжийг агуулсан МАН, АН-ыг юуны түрүүнд татан буулгах талаар ард түмний дунд санал асуулга явуулж, Монгол орноо улс төрийн боолчлолоос ангижруулах тэмцэл эхлүүлэхээр шийдвэрлэлээ" гэжээ.
Н.Туяа