Эвдэрсэн газруудыг тусгай хэрэгцээнд авч нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-26 21:15:37
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар “Газар нутгийг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай” хэлэлцэж, ашигт малтмал олборлож болох газруудыг таван жилийн хугацаатайгаар тусгай хэрэгцээнд авахаар боллоо.
Уурхайн болон гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрч нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн газар олон байгаа бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон эвдэрсэн газрын судалгааг хийж, бичил уурхайн зориулалтаар ашиглах газруудыг тогтоосон байна. Тухайлбал, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Тарагт, Уянга, Хайрхандулаан сумдын нутагт 1430,7 га талбай олборлолтонд өртөөд байгаагаас 347,7 га талбайг нөхөн сэргээж, 828,4 га талбай эвдрэлтэй байна. Нийт талбайн 1179 га нь уул уурхайн олборлолтоос, 251,6 нь га нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас эвдэрчээ. Эдгээрээс Хайрхандулаан сумын нутаг “Баргилт”, “Эргэн-Ус”, Баруунбаян-Улаан сумын нутаг “Цагаан дэл”, “Сайрын өтөг”, “Гурвантээг” зэрэг газруудыг тусгай хэрэгцээнд авч, тухайн нутагт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдээр нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо.
Нөхөрлөлд тогтмол орлогогүй, мал багатай, банкны зээл, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй байгаа хүмүүсийг багтаан ажиллуулахыг ИТХ-ын дарга А.Ишдорж сумдын Засаг дарга нарт уриаллаа. Түүнчлэн нөхөн сэргээлт хийх нөхөрлөлөөс барьцаа хөрөнгө авах, усаа хамгаалах, олборлолт хийх техникийн үзүүлэлтийг тодорхой зааж өгөх зэргээр төлөөлөгчид саналаа хэлсэн юм. Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Бичил уурхайнхан ихэвчлэн ус ашиглах гэж голын эрэг дагуу олборлолт явуулдаг. Цаашид голын хажууд үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайг орон нутгаас дэмжиж ажиллахгүй. Ялангуяа Таацын голын дагуу уурхай ажиллуулахгүй. Энэ чиглэлээр хатуу тэмцэнэ” гэлээ. Хуулиар голын буюу усан сангийн онцгой хамгаалалтын бүсийг голын эргээс 50 метр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метр зайд тогтоосон байдаг аж.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ