Нэрэмжит олимпиадад түрүүлсэн сурагч их сургуульд төлбөргүй суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-30 13:13:17
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич, Монгол Улсын Гавьяат багш Шадавын Лувсанвандангийн нэрэмжит Монгол хэл бичгийн аймгийн олимпиадыг Өлзийт суманд амжилттай зохион явууллаа. Энэхүү олимпиадыг Ш.Лувсанвандан сан, Сайн-Оюут ахлах сургууль, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, Баянхонгор аймгийн Боловсрол Соёлын газрын Монгол хэлний аргазүйч Б.Одгэрэл, бага ангийн аргазүйч Р.Билэгдэмбэрэл нар гардан зохион байгуулсан юм.
Түрүүлсэн сурагчийг тухайн чиглэлийн их сургуульд суралцах эрхийн бичгээр шагнадаг томоохон байтай тус олимпиадад оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв. Энэ нь нэг талдаа эх хэл соёлоо сонирхон судалдаг хүүхдүүд олон болж байгааг харуулж байгаа бөгөөд олимпиадын дүнг гаргахад ч ширүүн өрсөлдөөнийг бий болгож байгааг мөн онцолж байлаа. Мөн энэ жилээс олимпиадад тэргүүн байр эзэлсэн төгсөх ангийн сурагчийг тухайн хичээлээрээ цаашид суралцахаар болбол сургалтын төлбөрийн асуудлыг “Ш.Лувсанвандан” сангаас бүрэн хариуцахаар болжээ.
1.2 сая төгрөгийн шагналын сантай тус олимпиадад энэ жил 100 гаруй сурагч оролцож, эх хэлний мэдлэг чадвараар өрсөлдсөн байна. Түүнээс гадна Ш.Лувсанвандангийн нэрэмжит олимпиадад сурагч байхдаа түрүүлээд МУИС-ийг төгсөн төрөлх сургуульдаа Монгол хэл, бичгийн багшаар ажиллаж байгаа М.Билгүүнчимэг энэ жил багш нарын ангилалд тэргүүн байр эзэлж байгаа нь содон үйл явдал боллоо.
Сонирхуулахад, Тус олимпиад нь Баянхонгор аймгийн хэмжээнд нэрэмжит болгон зохион байгуулсан анхны олимпиад бөгөөд энэ онд 14 дэх жилдээ золгож байна. Түүнээс гадна Өлзийт сумын “Сайн Оюут” ахлах сургууль 1996 онд Ш.Лувсанвандангийн нэрэмжит болсон нь ч аймгийн хэмжээн дэх анхны нэрэмжит сургууль юм.
          Шадавын Лувсанвандан /1910-1983/
Олноо Лу багш хэмээн өргөмжлөгдсөн Ш.Лувсанвандан Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул.
Орчин үеийн монгол хэл шинжлэлийн ухааныг олон салбар бүхий бие даасан цогц шинжлэх ухаан болгон хөгжүүлэх их үйл хэрэгт өөрийн бүтээлч сэтгэлгээ, бүхий л амьдралаа бүрэн зориулсан нэрт эрдэмтдийн нэг. Ш.Лувсанвандан 1956 онд профессор цол хүртэж, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич)-ээр сонгогдож, 1972 онд хэл бичгийн ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хүртэж, улмаар 1980 онд Монгол Улсын Гавьяат багш гэсэн эрхэм цолыг хүртсэн эрин үеийн их алдартан болно. Түүний бүтээл туурвил нь ямагт ерөнхий хэл шинжлэлийн онолын гүн гүнзгий үндэслэлтэй, хэлний бодит баримт нотолгоо сайтай байдгаараа бусдаас онцгойрон ялгардаг байна.
Тэрээр МУИС-ийн анхны багш нарын нэг бөгөөд Бээжингийн их сургууль, Английн Лийдсийн их сургууль зэрэг гадаадын нэртэй томоохон их сургуулиудад багшилж байжээ.
Хэл шинжлэл судлаач Ш.Лувсанвандан (1910-1983), Чой.Лувсанжав (1930-1998), А.Лувсандэндэв (1927-1997), урлаг судлаач С.Лувсанвандан (1932-1992) нарыг “Дөрвөн Луу” гэж нэрлэж байв. Тэднээс хоёр Лувсанвандан нь хоёул Баянхонгор аймгийнх юм.
                                                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ