“Монгол генералын өдөр” энэ сарын 27-нд тохионо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-04 14:48:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 74 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 27-нд болно.

Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгож байсан түүхтэй. Жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулна.

Монгол улсын хэмжээнд нийт 180 гаруй генерал цолтон төрөн гарсан. Алтан мөрдөстнүүд маань ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ