Улсын заан Ч.Санжаадамба гурав дахь удаагаа түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-27 12:03:11

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол ард улсаа баталсаны түүхт 91 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ.

Монгол бөхийн өргөөнд болсон тус уламжлалт барилдааныг Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нээж үг хэлсэн юм. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл тэргүүтэй 256 бөх зодоглов.

Улсын заан Ч.Санжаадамба анхдугаар үндсэн хууль баталсан ойн барилдаанд гурав дахь удаагаа түрүүллээ. Түрүү булаалдах барилдаанд арслан П.Бүрэнтөгс заан Ч.Санжаадамба нар ёстой л хүчээ шавхан, хөлсөө урсган барилдаж, хоёр хоёр удаа барьц сонгон алдсаны дараа Бүрэнтөгс барьц сонгон шахаж татаад хойш гишгэдэл алдах хоромд Санжаадамба түрж хөөгөөд давсан юм. Харин их шөвөгт арслан Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба нар шалгарав.

Барилдааныг зохион байгуулагч МАХН-аас “Улсын цолд ойрхон залуу бөх” хэмээх шагналыг Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Хүрэл-Очирын Гантулгад гардууллаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ