Монгол, Оросын БХЯ харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-04-06 00:05:45
Москва /МОНЦАМЭ/. Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VII бага хурал энэ сарын 4-5-ны өдөр тус  хотын Радиссон рояал зочид буудлын Конгресс парк төвд боллоо.
ОХУ-ын БХЯ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын аюулгүй байдлын VII бага хуралд ОХУ-ын БХЯ-ны Сайд С.Шойгу, ГХЯ-ны Сайд С.Лавров болон дэлхийн 95 орны 850 гаруй төлөөлөгч оролцов. Монгол Улс уг хуралд 4 дэх жилдээ оролцож буй бөгөөд энэ удаагийн хуралд БХЯ-ны сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал О.Энхбаяр, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх Г.Лүндэн тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
 Бага хурал “Исламын улсын халдлагын дараах Сири болон Ойрхи Дорнодыг сэргээн босгох, энх тайвныг сахих” гэсэн сэдвийн дор өрнөсон бол Европ, Ази, Африк, Латин Америкийн орнуудын аюулгүй байдал, зэвсэгт хүчний байгууллагын хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд орон орны төлөөлөл, НҮБ, Европын Холбооны Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллага, ШХАБ зэрэг Олон улсын байгууллагын төлөөлөл илтгэл хэлэлцүүлсэн юм. 
Хурлын хоёр дахь өдөр БХЯ-ны Сайд Н.Энхболд “Ази: бүс нутгийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд илтгэл тавьж Монгол Улсын бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр “Бүс нутгийн болон дэлхийн улс орнуудын аюулгүй байдлын тухай олон талаас нь ярьж хэлэлцдэг учир энэхүү хуралдаан чухал ач холбогдолтой. Уулзаж, ярилцаж, байр сууриа мэдэж байж зөв шийдвэр гаргаж, аюулгүй байдлаа хангаж чадна. Манай улс ОХУ-тай батлан хамгаалахын салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Цаашдаа зөвхөн ОХУ-аас цэрэг техникийн тусламж авахаас илүүтэйгээр хоёр талдаа харилцан ашигтай ажиллахаар тохиролцлоо. Манай улс батлан хамгаалахын салбарт хөрөнгө бага зарцуулдаг. Зэвсэгт хүчин энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод олсон хөрөнгөөр зэвсэг техникээ шинэчлэх асуудлыг “аргалж” ирсэнийг онцлон хэлмээр байна. Цэрэг дайчид маань хаана ч гологдохгүй харин техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай” хэмээн хурлын төгсгөлд өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Л.Нандиа 
Холбоотой мэдээ