Нягтлан бодогчдыг сэлгүүлэн ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-07 10:57:53
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд буй төсөвт байгууллагуудын нягтлан бодогчид шилжин ажиллаж эхэллээ.
Нэг байгууллагад олон жил ажиллахаар ажилдаа дасаад нэг хэвийн байдалд орчихдог төдийгүй цаашдаа санхүү нягтлан бодохын чиглэлийн ажилдаа зөрчил гаргах нөхцөл бүрддэг. Тиймээс нягтлан бодогчдыг хооронд нь мэргэжил арга зүйн туршлага солилцуулах, шинэ нөхцөл байдалтай танилцуулах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох зорилгоор шилжүүлэн ажиллуулж байна гэж албаныхан онцоллоо.
Нягтлан бодогчид шилжин ажиллах болсонтой холбогдуулж Сайншанд сумын ЗДТГ-аас харьяа төсөвт байгууллагуудын нягтлан бодогчдын уулзалт зохион байгуулав. Уулзалтаар сумын Засаг дарга С.Одбаяр нягтлан бодогчидтой "Хөдөлмөрийн гэрээ" байгуулан цаашид санхүүгийн сахилга баттай ажиллахыг үүрэг болгосон юм.
Сайншанд сумын ЗДТГ-ын харьяаны цэцэрлэг, сургууль, хот тохижилт гээд 20 гаруй төсөвт  байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ