Канадын залуу хоккейчдыг тээвэрлэж явсан автобус осолдсоны улмаас 15 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-08 14:07:54
ОТТАВА. /ТАСС/. Канадын Саскачеван мужид “Гумбольт Бронкос” багийн залуу хоккейчдыг тээвэрлэж явсан автобус осолдсоны улмаас 15 хүн амиа алдсан тухай бямба гарагт орон нутгийн цагдаагийн газрын мэдээллийг иш татан телевизийн CTV суваг мэдээлсэн байна.
 
Тисдейл хотоос хойд зүгт 30 км-ийн зайд явж байсан хүнд даацын ачааны автомашин хоккейчдын сууж явсан автобусыг мөргөсний улмаас автобусанд сууж явсан 29 хүнээс 14 нь газар дээрээ, нэг хүн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас баржээ. 
 
Ослоор нас барсан 7 хүнийг хэн болохыг нь тогтоогоод байгаа ба тэд багийн ерөнхий дасгалжуулагч Дарси Хоган, багийн ахлагч 20 настай Логан Шатц, 16-20 насны 4 хоккейчин болон радиогийн тайлбарлагч Тайлер Бибер нар байв.  
 
Саскачеван мужийн цагдаагийн комиссар Кертис Заблоцки-гийн ярьснаар, ачааны машины жолоочийг баривчилсан боловч хэсэг хугацааны дараа суллажээ.
 
Канадын иргэд амиа алдсан болон гэмтэж бэртсэн тамирчдын ар гэрийнхэнд туслахын тулд нэг хоногийн дотор 2,5 сая канад долларын /2 сая орчим ам.доллар/ хандив цуглуулаад байна.
 
Залуу хоккейчдын "Гумбольт Бронкос" багт 16-21 насны 24 тамирчин тоглодог бөгөөд тэд "Нипавин Хоукс" багтай тоглохоор явж байгаад осолд орсон байна.
 
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Саскачеван мужийн захирагч Скотт Мо, Канад болон Оросын хоккейн холбоод болон Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн удирдлага ослын улмаас амиа алдсан хоккейчдын ар гэрийнхэн, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийллээ.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ