Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-28 14:44:07

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Цагаан суварга, Оюутолгойн зэрэг гол нөөцийг түшиглэн Бор-Өндөрт барих нь зөв гэж Засгийн газар үзжээ. 

Монгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарaaс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

Сайд танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас зэсийн баяжмал хайлах, цэвэршүүлэх анхны үйлдвэр байгуулах ажилд онцгой ач холбогдол өгч, уг ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс нь зэсийн нөөцөөр баялаг хэдий ч урт хугацааны турш зэсийн баяжмал экспортлогч байсаар ирсэн. Үндэсний эдийн засгийг бэхжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрдэс түүхий эдийн экспортын нөхцөл байдлыг өөрчилж, улс орны хөгжилд түлхэц болох үндэсний үйлдвэрүүд бий болгох үйл явцыг түргэтгэх төслүүдийн нэг нь зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр юм гээд манай улсад зэс хайлуулах үйлдвэр барих асуудал сүүлийн 30 гаруй жил яригдаж, энэ чиглэлээр олон төрлийн судалгаа, урьдчилсан ТЭЗҮ хийгдэж, УИХ, Засгийн газрын шийдвэр гарч байсныг дурдав.

Мөн “Гэвч орчин үед хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд эрдэс түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, техник, технологийн лиценз, өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн хүний нөөц, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай тул зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг төрийн тууштай дэмжлэгтэйгээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газар тодорхой хэмжээний хувь буюу 34 хүртэл хувийг энэ төсөлд эзэмшсэнээр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрт хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, өрсөлдөөн бий болох бөгөөд улмаар зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулах, хүхрийн давхар ислээс хүхрийн хүчил гарган авах төслийг хэрэгжүүлэх, хүхрийн хүчлийн дотоодын хэрэглээг дэмжих замаар химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай юм.

УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэхээр заасан. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлээс хамаарал багатай, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, төслийн санхүүжилтэд оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа” гэв.

Харин үндэсний хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хувьд аж үйлдвэрийн төсөл, түүнийг дэмжих болон дагалдах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах замаар төсөлд оролцох боломжтой бөгөөд үйлдвэрээс гарах катодын зэсийг гүн боловсруулж цахилгаан техник, цахим техникийн эд анги болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх боломж мөн нээлттэй. Ер нь энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад цаашид зэсийн гүн боловсруулалт хийж, катодын зэс, цэвэр алт, цэвэр мөнгө зэрэг тээвэрлэлтийн зардал харьцангуй бага эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох боломж нээгдэх юм гэдгийг дурдлаа.

Гишүүний асуулгад өгсөн салбарын сайдын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Батбаяр, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Л.Цог, Г.Уянга нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монголд одоохондоо зэс хайлуулах нэг л үйлдвэр байх шаардлагатай байгаа, тэр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр нь нийт улс орныхоо хэмжээний гол нөөцийг түшиглэж баригдах нь зүйтэй гэсэн бодлогыг барьж байгаа. Энэ үндсэн дээр зэс хайлуулах үйлдвэрийг Цагаан суварга, Оюутолгойн зэрэг гол нөөцийг түшиглэн Бор-Өндөрт барих нь зүйтэй гэж үзсэн. Мөн зэс бол стратегийн бүтээгдэхүүн, бас экспортын бараа. Иймээс зэс хайлуулах үйлдвэрт төрийн нэгдмэл оролцоог хангах шаардлагын үүднээс төрийн оролцоо зохих түвшинд байх ёстой гэж үзэж байгаа.

Ер нь дотооддоо зэс хайлуулах үйлдвэр барих нь ашигтай, жилд 23 хувийн ашиг өгнө гэсэн тооцоо гарсан байгаа. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл 9 жилд багтаагаад хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэсэн ТЭЗҮ гарсан гэдгийг хэллээ.

Эцэст нь асуулга тавьсан гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Цог үг хэлэхдээ, Мөнгө хөрөнгийн хомсдолтой энэ үед зэс хайлуулах үйлдвэр барихад заавал төр оролцоно гээд зүтгээд байх шаардлагагүй. Төр оролцохоор бол зээл авна, тэр зээл нь тодорхой хэмжээний хүүтэй байж таарна. Нөгөө талаар бүтээгдэхүүндээ түшиглэж байна гээд зүтгээд байх ч хэрэггүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ