Их цэвэрлэгээнд 3296 төрийн албан хаагч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-04-21 14:57:51
Улаанбаатар/МОНЦАМЭ/. 90 минутын уриатай их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3 296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцлоо.

Их цэвэрлэгээний хүрээнд өглөөний 06.00 цагаас  эхлэн Улаанбаатар хотын шилмүүст том оврын 4 000 гаруй модны цэнэгт усалгааг хийжээ.

"Ирэх сарын дундуур шилмүүст модоо шүршиж угаан өнгө үзэмжийг сайжруулах бөгөөд  цаашид цэнэгт усалгаа, бордоо, дусал зэргийг залгаж технологийн дагуу арчлах болно хэмээн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр  онцлов. Тэрээр ярихдаа, "Энэ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  ажил юм. Харин энэ удаа 90 минутын хугацаанд буюу 11:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд өөрийн хариуцсан нийтийн эзэмшсэн гудамж зам талбайг угааж цэвэрлэх, арчлах хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зохион байгуулалтад нэгэн зэрэг орсноороо онцлог боллоо" гэв.

Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэхээс гадна айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг тээвэрлэжээ.

Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угааж засварлах ажлууд өрнөжээ. Тухайлбал Хан-Уул дүүргийнхэн Тэмээтэй хөшөөг угааснаар их цэвэрлэгээний ажлаа эхлүүлсэн байна. Тэмээтэй хөшөөг дүүргийн Засаг даргын Тамгын газрын 70 алба хаагч угааж, гүүрэн гарц болон автобусны буудлууд болон наасан зарлалыг цэвэрлэжээ. Хан-Уул дүүргийн их цэвэрлэгээнд 1400 аж ахуйн нэгж, 12850 хүн оролцож, 314000 ам метр талбайг цэвэрлэсэн аж. Ингэхдээ  45 рейсээр 117 тонн хог тээвэрлэжээ. 



Бүх нийтийн их цэвэрлэгээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонхоо угааж, байгууллагын хаягаа сэргээхээс гадна талбайн сандал, хогийн савны өнгө үзэмжийг сайжруулж, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэн, хайс хашлагаа буджээ.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгаж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээсэн аж. 

Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан Туул голын сав дагуух газрыг цэвэрлэжээ. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид Дунд гол буюу Нарны хорооллын гүүрнээс зүүн тийш Энхтайваны гүүрний огтлолцох хэсэг, нийслэлийн Мэдээллийн технологийн газар Алтай хотхоны урд талын төв замаас баруун тийш Космо дэлгүүр, нийслэлийн Газрын алба Хараагүйчүүдийн гүүрнээс баруун тийш төв зам, Минж нутагшуулах төслийн нэгж ОНӨҮГ-ынхан Зайсангийн гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу Сэргээн засах төв хүртэлх талбайг тус тус цэвэрлэсэн байна.   

Б.Заяа
Холбоотой мэдээ