“Уулын Хатан хаад” ном хэвлэгдэхэд бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-24 13:08:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг уулчин бүсгүйчүүд1808 оноос 2018 он хүртэл дэлхийн ноён оргил өөд хүний тэр тусмаа эмэгтэй хүний зориг хатуужил, сэтгэлийн хат, ухаанаар тэмүүлж ирсэн түүхэн баримтат амжилтуудыг эмхэтгэсэн, түүх, сургамж, ухаарал, эрч хүч, урам зориг хайрласан онц сонирхолтой хэмээх ном уншигчдын гарт очиход бэлэн болжээ.

Энэхүү номыг Монголын уулын клубын тэргүүн, академич, Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ С.Заяа англи хэлээр эмхэтгэн хэвлүүлэхээр зэхэж байна. “Уулын Хатан хаад” номонд хүний хүчин чадлын дээд шалгуурыг гэтлэн давж, бүсгүй хүнд ахадсан их хүч чадал, сэтгэлийн тэнхээ, ухаанаар уулсын оргилд хөл тавьж чадсан гайхамшигт уулчин эмэгтэйчүүдийн баатарлаг үйлсийг өгүүлнэ.


Мөн аливаа хүн зорилготой амьдрах, зорьсондоо хүрэхийн төлөө бүхнээ зориулан тэмцэжмёадсан уулчин бүсгүйчүүд  уулын өндөр, туулах замын бартаа, үүрэх ачаа, амьсгалах агаар, цасан шуурга, хүчтэй салхинаас эхлээд байгалийн олон бэрхшээлийг үл ажран оргилд тэмүүлсэн сонирхолтой түүх нь өнөөгийн охид, бүсгүйчүүдэд урам өгөх нь дамжиггүй. Тус номонд 1808 оноос түүх нь эхлэх дэлхийн эмэгтэй уулчдын “Алтан үе”-ийнхэн ,“Уулын Хатан хаад“ дэлхийд гайхуулсан амжилтаараа хойч үеийнхэндээ болон зуун зуунд бишрэгдэж, хүндлэн хайрлагдаж, дурсагдах түүхийг өгүүлнэ.



Эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүсэл эрмэлзлэл, баатарлаг үйлсийн төлөөлөл болсон 19-20 дугаар зууны эрдэмтэн судлаачид, зохиолчид, нийгмийн зүтгэлтэн, жендерийн тэгш эрхийн төлөө тэмцэгчдийн адил эх дэлхийн бүх өндөрлөгт хүрч бүсгүй хүний мөрийг гаргасан зоригтон, тив тивийн оргилыг эзэгнэгчдийн түүх ямар агуу гэдгийг ууландаа үүрд нойрсон үлдсэн бүсгүйчүүдийн түүх илтгэнэ. 1808 онд Монблан ууланд анх авирсан  уулчдын “Алтан хараацай” Мария Парадис -Франц, алтан үеийнхэн хэмээгдэх Хенриет Ангевиле /Франц/, Елизабет Леблонд, Луси Воке /Англи/, Евилен Фаи Фуле Мета Бреворт, Мириам Обрейн Ундерхил, Ание Смит Пек /АНУ/ зэрэг уулчин бүсгүйчүүдийн тухай та энэ номноос уншина.



Мөн Дэлхийн ноён оргил Эверестэд 1975 онд анх авирсан Жюнко Табей /Япон/, Пандток /Түвд/, 5 өдөрт 2 удаа  авирсан Аншу Жамсэнпа /Энэтхэг/, 73 насандаа 2 дахь удаагаа авирсан Тамае Ватанабэ /Япон/, 13 насандаа авирсан Малават Пурно /Энэтхэг/, 8 удаа авирсан Лакпа Шэрпа /Непал/, хөгжлийн бэрхшээлтэй авирагч Аринума Шинха /Энэтхэг/, 86 настайдаа Килиманжаро оргилд авирсан Анжела Воробева /ОХУ/ зэрэг 150 гаруй шилдэг эмэгтэй уулчдын түүх, намтар багтжээ.

Номыг эмхэтгэсэн уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин С.Заяа “1959 оны анхны марафонч Арлиене Пайпе /АНУ/, уулын шилдэг марафонч Емелиа Форсбег /Норвеги/, Фернанда Масиел /Бразил/, Мира Рай /Непал/, хадан авиралтын домогт баатар Лунн Хил /АНУ/,  Шонна Сохси /Англи/, Марго Хайс /АНУ/, 8000 м-ээс дээш бүх 14 оргилд анх авирсан үнэмлэхүй аварга, олимпийн аварга О Ен Сан /БНСУ/, Эдурне Пасабан /Испани/, 2008 онд Эверестийн оргилд гарсан Түвдийн Цэрэн Ванмо, мөн 2014 онд Эльбрус оргилд Oлимпийн бамбарыг асаасан Карина Мезова /ОХУ/ зэрэг дэлхийн шилдэг эмэгтэй уулчдын тухай энэ номноос та мэдэх болно.



Геннисийн номд бүртгэгдэж, улс орныхоо бахархал болсон 13 наснаас 86 насны энэ уулчин эмэгтэйчүүд бол ач зээгийнхээ хайртай эмээ, үр хүүхдүүдийнхээ элбэрэлт ээж, хань нөхрийнхөө халамжит эхнэр, дурлалт залуугийнхаа  хайртай бүсгүй, ээж аавын хамгаас эрхэм охин үр нь билээ. Тэд зорилгоо биелүүлэхээр амсхийх завгүй, хүүхдээ төрөхийг ч , хөлд, хэлд орохыг ч , хуримын өдрөө ч хүлээх завгүй, өндөр уулсын оргилоос оргилд тэмүүлсэн байдаг. Тиймээс “Уулын” бүсгүйчүүдийн тэсвэр хатуужил, эрч хүч, сэтгэлийн тэнхээ, зорьсондоо хүрэх  чин эрмэлзлэл нь бусдад  үлгэр дууриалал болно" гэдгийг онцлон дурдаж байв.

Тэрбээр 1967 оноос хойш 50 жилд Дэлхийн алдартай уулчдын заримтай нь хамт авирч, тэдний тухай уншиж, сонсч. сүүлийн жилүүдэд зохион байгуулсан олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд оролцож  шилдэг уулчин бүсгүйчүүдээр бахархаж явсаар энэхүү номыг эмхэтгэн гаргах бодол төржээ. “Алтан үеийн эмэгтэй уулчдаар бахархаж байгаа охид бүсгүйчүүд мөн л хойч үедээ алтан үеийнхэн нь болно. Амьдрал баян, сурах судлахад хязгаар үгүй” гэж С.Заяа багш хэлсэн юм.

“Уулын Хатан хаад” хэмээх номонд “Уулын“ хаадын дунд тодорсон “Хатан хаад”-ын 1808-2018 оны түүх, “Уулын “ төрлийн хадан авиралт, спорт авиралт, мөсөн авиралт, уулын холын зайн гүйлтийн анхдагчдын болон шилдгийн шилдэг уулын эмэгтэй тамирчдын түүхийг ийнхүү 11 бүлэг болгон эмхэтгэж, уншигч олондоо өргөн барьж байгаа аж.

Д.Өлзий
Холбоотой мэдээ